өдөр
шөнө
×

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт уурхайчид, анхдагчид, илгээлтийн эзэд, ахмадууд болон Эрдэнэт үйлдвэрээр овоглож буй бүх хүмүүстээ зууны манлай бүтээн байгуулалт, “Монгол Улсын Баатар” Эрдэнэт үйлдвэрийн анхны ээлж ашиглалтад орсон түүхэн ойн өдрийн мэндийг дэвшүүлье.

Тэртээ 1978 оны энэ өдөр анхны баяжмалаа экспортод гаргаж байсан Эрдэнэт үйлдвэр маань амжилт, бахархлаар буухиалсаар 43 насны ойтойгоо золгож байна. Эрийн цээнд хүрсэн идэр залуухан үйлдвэр маань энэ оны 07 дугаар сард “Монгол Улсын Баатар” цол хүртлээ. Энэхүү төрийн дээд цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр Эрдэнэт үйлдвэрт хүрэлцэн ирж, гардуулсан нь 43 жилийн түүхэн замналтай уурхайчин хамт олонд үзүүлсэн чин сэтгэлийн хүндэтгэл байв. Эрдэнэт үйлдвэрт “Монгол Улсын Баатар” цол хүртээх тухай зарлигт “... Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн бүрдүүлэлт, “ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж буй дэмжлэг, хүчин чармайлт, 20 дугаар зууны түүхэн бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан жинтэй хувь нэмрийг үнэлж, “Монгол Улсын Баатар” цолоор шагнаж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил дэвшил, улсын эдийн засагт оруулах үр ашгийг дээшлүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, нийт уурхайчдын гавьяа зүтгэлийг цохон тэмдэглэн, алдаршуулж байна” хэмээн тэмдэглэснийг баярын энэ өдрөөр та бүхэнтэй бахархалтайгаар дахин хуваалцая.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын энэ амаргүй цаг үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлж, тэдгээрийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хэрэглээ, цэвэр, бохир усны болон энгийн хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийг төрөөс хариуцах түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сард гаргасан юм. Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж, санхүүжилтийг нь хариуцах үүрэг даалгаврыг нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олон бид нэр төртэй биелүүлэн, 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 1 их наяд төгрөгийг төлж байна. Эрдэнэт үйлдвэр маань улс, орон нутгийн төсөвт 2020 онд 1 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүлж байсан бол энэ 2021 онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Эдгээр баримтууд нь Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон та бид Монгол эх орныхоо хөгжил цэцэглэлт, монгол хүн бүрийнхээ ахуй амьдралд ямар жинтэй хувь нэмэр оруулж байгааг илтгэх бахархалтай үйл хэрэг юм.

Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Эрдэнэт үйлдвэрийн 2031 он хүртэлх хугацааны хөгжлийн асуудлаар баталсан тогтоол, үндсэн чиглэлийн дагуу бид тав таван жилээр ажлаа төлөвлөн амжилттай хэрэгжүүлж байна. 2017-2021 оны таван жилийн ажлын үр дүн, амжилтаа энэ өдрүүдэд дүгнэн, цаашдын 10 жилийн ажлаа 2022-2026 болон 2027-2031 оны гэж тав таван жилийн хуваарьтайгаар төлөвлөж байна. Энэ хариуцлагатай цаг хугацааны зааг дээр геологи хайгуулын чиглэлээр бидний сүүлийн 4 жилд эрчимтэй хийсэн ажлын үр дүн гарч, Эрдэнэтийн овоо ордын геологийн нөөцийг 10 гаруй сая тонн зэстэй, 2.9 тэрбум тонн хүдэртэй гэж Эрдэс баялгын мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар баталлаа. Ингэснээр өнөөгийн хүчин чадлаараа Эрдэнэт үйлдвэр маань цаашид 60-70 жил ажиллах хангалттай нөөцтэй гэдгийг хамт олондоо, Эрдэнэтчүүд та бүхэндээ баярын энэ өдөр дуулгахад нэн таатай байна. Энэ бол “Монгол Улсын баатар” Эрдэнэт үйлдвэрийн геологич, уурхайчид бид үйлдвэрийнхээ, Эрдэнэт хотынхоо, Монгол эх орныхоо хөгжил дэвшилд зүтгүүр хүч нь болж урт хугацаанд ажиллах баталгаа бий болж байна гэсэн үг юм.

Өнөө цагийн Монгол орны хөгжлийн нүүр царай, нэрийн хуудас болон урагшлан дэвжиж буй Эрдэнэт үйлдвэрээ залуурдан авч яваа уурхайчид, хамт олондоо болон анхдагчид, илгээлтийн эзэд, ахмадууд, Эрдэнэт үйлдвэрээр овоглож буй бүх хүмүүстээ төрөлх үйлдвэрийнхээ түүхэн ойн өдрийн мэндийг дахин хүргэж, хүн бүхэнд эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын уурхайчдын яруу алдар бадартугай.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал,

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,

Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Х.БАДАМСҮРЭН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top