Монгол Улсын Засгийн газрын энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэх шийдвэр гаргасан.
Уг шийдвэрт, “төрийн байгууллагууд цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх, шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх, үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх” гэсэн чиглэлүүд тус тус багтжээ.
Тэгвэл Засгийн газраас гаргасан цар тахлын үед тэвчиж болох зардлаа тэвчиж, төсөв хэмнэ гэсэн шийдвэрийг зарим нэг аймгийн удирдлагууд эсрэгээр нь хэрэгжүүлээд эхэлжээ.
Тодруулбал, Өмнгөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраагийн 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдөр батлан гаргасан 71 дугаартай захирамж нь “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн хуралдааны шийдвэрт дурдагдсан, “Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх” гэсэн чиглэлийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болжээ.
Уг тогтоолд “...Өмнөговь аймгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мөн үйлдэгдэж байсан онц ноцтой гэмт хэрэг, зөрчлөөс сэдэвлэсэн олон ангит уран сайхны кино бүтээх ажлыг ***** ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлэх, чанартай сайн гүйцэтгэхэд хяналт тавин ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргад даалгасугай.
...Дээрх ажилд зарцуулагдах 100,000,000 (нэг зуун сая ) төгрөгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зардлаас зарцуулахыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга /Л.Батчулуун/, нягтлан бодогч /Б.Оюунсүрэн/ нарт зөвшөөрсүгэй. Хурлын дарга Б.Бадраа” гэж албажуулжээ.
Ингээд тус уран сайхны олон ангит кино бүтээх ажлын хөлс болох 100.0 сая төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын эхээр буюу одоогоос хэдхэн хоногийн өмнө гүйцэтгэгч компанийн дансанд Өмнөговь аймгийн ИТХ-аас шилжүүлжээ.
Уг нь бол Б.Бадраагийн санаачилгаар хийгдэж буй Өмнөговь аймгийн хэмжээнд үйлдэгдэж байсан онц ноцтой гэмт хэрэг, зөрчлөөс сэдэвлэсэн олон ангит уран сайхны кино бүтээх ажил нь цар тахлын үед олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилт гэсэн ангилалд багтахгүй. Энэ утгаараа Б.Бадраагийн гаргасан захирамж нь цагаан дээр хараар бичсэн төрийн хууль тогтоомжийг санаатайгаар зөрчсөн, дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг үл хүндэтгэсэн үйлдэл болжээ гэж үзэх үндэслэл байна.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (2)