өдөр
шөнө
×

Баримт: Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл төсвийн мөнгийг баруун солгойгүй цацсаар үрсээр явна

Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл төсвийн мөнгийг хэрхэн баруун солгойгүй цацаж, хууль зөрчиж байгаа тухай мэдээллийг баримтад тулгуурлан хүргэж байна.

“Засаг даргадаа захидал бичээрэй” нэртэй ил захидал хэвлүүлэхэд 5.3 сая төгрөг зарцуулжээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнгөрөгч 2020 оны наймдугаар сард “Засаг даргадаа захидал бичээрэй” аяныг зарлаж байв. Тэгвэл “Засаг даргадаа захидал бичээрэй” арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн хөрөг зураг, мэндчилгээ бүхий ил захидал хэвлүүлэхэд 5.3 сая төгрөгийг зориулалт бусаар буюу хууль зөрчиж зарцуулжээ.

Мөн 2016-2020 онд тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилласан төлөөлөгч нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд зориулж 12.5 сая төгрөгийг төсвөөс зарцуулсан нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. 

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дээр дурдсан хоёр арга хэмжээнд нийт 17.8 сая төгрөгийг зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1. “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5.”Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Засгийн газрын  200 дугаар тогтоолд дурдагдсан “Төсөвт байгууллагууд төсвийн хөрөнгөөр олон нийтэд зайлшгүй мэдээлэх албан ёсны шийдвэр болон хууль тогтоомж хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээллээс бусад өөрийн байгууллага, хамт олныг сурталчлах, танилцуулга явуулах, телевизийн шоу уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосугай” гэсэн хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн байна.

Хивс, уран зураг, суулт шахалтын иж бүрэн ком, IPAD худалдаж авахад 65.0 сая төгрөг зарцуулжээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн тансаглал энэ хүрээнд өндөрлөсөнгүй. Цааш ийн үргэлжилжээ. Тухайлбал, тус дүүргийн Засаг даргын Тамгын газар 2020 онд Ipad, гагнуурын аппарат, фитнессийн суулт шахалтын иж бүрэн ком, хивс, уран зураг, дуу хураагуур, ширмэн зуух зэрэг бараа материал худалдаж авахад 65.0 сая төгрөгийг зарцуулсан нь төсвийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болжээ.

Н.Батсүмбэрэл хуульд зааснаас илүү 1 орлогч, 1 зөвлөх ажиллуулж 33.5 сая төгрөгийн цалин урамшуулал олгожээ 

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2.” сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан байдаг. Гэтэл дарга Н.Батсүмбэрэл нь хуульд зааснаас илүү 1 орлогч, 1 зөвлөх ажиллуулж тэдгээрийн цалин урамшуулалд 33.5 сая төгрөгийг төсвөөс олгож хууль зөрчсөн байна.

Үргэлжлэл бий...

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top