Хэний ч, ямар ч бизнес муу ажиллаж байж болно. Тэглээ гээд түүнийг төрд хурааж авах нь гарцаагүй огт өөр замын эхлэл. Бидний 30 жил тунхаглаж ирсэн зарчимд харш хандлага. Энэ бол хэдэн даатгалын компанийн тухай ч яриа биш. Энэ бол бид цаашдаа ямар зарчмыг барьж явах вэ гэдэг маргаан.
Даатгалын компанийг та муулж, эсвэл өмөөрч болно. Гагцхүү, тулгуур зарчмаа тэгээд бид яахав гэдгээ бодох хэрэгтэй дээ. Тулгуур нурвал дараа нь олон зүйл нурна. Олон компани хэлмэгдэх зам нээгдэнэ. Нийгмийн эргэлт, өөрчлөлт ингэж л явдаг. Ийм сонголтууд л улс орны явах замыг шийдчихдэг.
Албан журмын даатгалыг төр авчихвал машинтай холбоотой төрийн шинэ халамж бий болох мэт сэтгэж горьдох хүмүүс сошиалд багагүй байгаа бололтой. Халамж хүлээх сэтгэлгээ манай нийгэмд үнэхээр хүчтэй байна. Улстөрчид ч түүнийг нь андахгүй ашиглах юм.
Мөн, олон хүн өнөөгийн төрийг хуучны социализмын төр шиг эндүүрч, "төрийн мэдэлд авах" санааг их дэмждэг бололтой. Гэтэл бүх зүйлс өөр болсон шүү дээ. Нэвт авилгажсан төрийн мэдэлд очно гэдэг нь нийтэд очно гэсэн үг огт биш, харин намчид, авилгач түшмэдийн гараар ороод дуусна гэсэн үг бус уу?
Төрийн мэдэлд байгаа НДС, ЭМДС дампуурлын ирмэгт дэнжгэнэж байна. НДС-ийн 100 тэрбум, ЭМДС-ийн 20 тэрбум хаачсаныг, яагаад тэр мөнгийг "олохгүй" байгааг та ойлговол даатгалыг тойрсон "төрийн бодлогын" учрыг бараг ойлгочих байх.
Эх сурвалж: Дангаасүрэнгийн Энхбат