өдөр
шөнө
×

АН муудаа, МАН мундагтаа Э.Батшугар нөхөн сонгуульд ялаагүй...

УИХ-ын гишүүнээр шинээр сонгогдоод буй Э.Батшугарыг нөхөн сонгуульд нэр дэвшсэн цагаас нь эхлэн хэм ам, хардлага сэрдлэгэ дагасан. Тухайлбал үүнийг “Аав Н.Энхбаярынхаа хүслийг гүйцэлдүүлэх гэж сонгуульд нэр дэвшлээ”, “Хүү нь хүсээгүй байхад аав нь хүчээр гишүүн болгох гэлээ”, “МАН төрийн албыг хөдөлгөж Э.Батшугарыг гишүүн болгов”  гэх мэт хов ч биш, жив ч биш ярианууд батална.

Тэгвэл дээрх дэл сул яриа үнэн байв уу? Э.Батшугар үнэхээр өөрийн хүчээр гишүүн болов уу? Аль эсхүл эцэг Н.Энхбаяр, эрх баригч МАН-ын сүлжээ түүнийг гишүүн болгов уу гэдэг асуултад хариулт эрцгээе.

Уг асуултад хариулахын тулд юун түрүүнд Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт хоёронтоо нэр дэвшиж буй нэгэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Өмнөх удаад буюу 2020 оны УИХ-ын сонгуульд тэрбээр “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшсэн. Ингэхдээ гурван мандаттай тойрогт 22,991 хүний санал авч дөрөвдүгээрт жагсаж байв. Тус тойрог хэрвээ дөрвөн мандаттай байсан бол тэр аль “уже” гишүүн болчих байжээ.

Харин энэ жил тэрбээр өнгөрсөн удаад нэр дэвшээд хэдхэн мянган хүний саналын дутуугаар ялагдал хүлээсэн тойрогтоо МАН-аас дахин нэр дэвшиж даагаа нэхэв. Санал хураалтын эцсийн дүнгээр Э.Батшугар 28-р тойргийн нийт санал өгсөн иргэдийн 51 хувь буюу 28,537 санал авч өмнө үзүүлсэн амжилтаа ахиулж, ялалт байгуулжээ.

Бөхөөр бол өмнө жилийн баяр наадмаар үзүүрт үлдэж шөвгөрөөд дараа жилийн наадамд даагаа нэхээд түрүүлсэн гэсэн үг л дээ. Ийм зүйл тохиолдохыг нөхөн сонгуулийн өмнө МАН-аас тус тойрогт явуулсан социологийн судалгаа урьдчилан харуулж, тэр дагуу Э.Батшугарыг нэр дэвшүүлсэн гэлтэй байна.

Өөрөөр хэлбэл эндээс Э.Батшугар ааваараа аль эсхүл аль нэгэн улстөрийн намаар крандуулалгүйгээр УИХ-ын гишүүнээр сонгогджээ гэдэг агуулга төвөггүй уншигдана.

Магадгүй өнгөрсөн жил Э.Батшугарыг дэмжсэн 23 мянга орчим дэмжигчид дээр МАН-ыг идэвхтэй дэмжсээр ирсэн 5,0 орчим мянган иргэний санал нэмэгдэж тэр 28,5 мянга гэдэг тоонд хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд нэр дэвшигч Э.Батшугартай өрсөлдсөн бусад нэр дэвшигчид авсан саналын тоогоороо түүний тоосонд нь ч хүрсэнгүй.

Саналын тоогоороо хоёрт жагссан ХҮНамаас нэр дэвшигч Б.Найдалаагийн /7,188/ тухайд Э.Батшугараас даруй 21 мянган санал дутуу байгаа бол АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлийн /6029/ тухайд бүр 22,5 мянган санал дутуу авсан байх жишээтэй.

ХҮНамаас нэр дэвшсэн Б.Найдалаа ийнхүү Э.Бат-Үүлээс 1000 орчим хүний илүү санал авснаараа улстөрийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж, Монголын улстөрийн хоёрдогч хүчнээр АН биш ХҮН албан ёсоор бичигдэж эхэллээ. Энэ бол ХҮН-ийн хувьд чамлахаар чанга атга гэдэг шиг амжилт юм. Цаашдаа энэ амжилтаа хэрхэн арчиж тордоод авч явах эсэх нь тус намын асуудал.

Гэтэл улстөрийн хоёрдогч хүчний байр сууриа ХҮН-д алдсан АН-ынхан харин ялагдлын шалтгаанаа өөрсдөөсөө бус МАН хийгээд Э.Батшугараас эрж хайгаад сүйд болж байгаа сурагтай.

Уг нь АН-д УИХ дахь суудлаа хоёроор ахиулах боломж байсан уу гэвэл байсан. Даанч тус нам энэ боломжийг ашиглахыг хүсээгүй нь анхнаасаа илт байсан гэвэл илүү үнэмшилтэй. Учир юу гэвэл ард олны дунд нэгэнт нэр нүүргүй болсон Э.Бат-Үүлийг Сонгинохайрханд, авилгын хэргээр шалгагдаж явсан улстөрийн хар намтартай Б.Гарамгайбаатарыг Хэнтийд нэр дэвшүүлсэн зэрэг сонголтоос эхлээд л тус намд мордохын хазгай тохиолдсон гэлтэй.

Нөгөөтээгүүр Гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр хүүтэйгээ нийлж будлиан хутгаад хэзээ мөдгүй шүүхээс ял сонсох нь тодорхой болчихоод байгаа Э.Бат-Үүлийг Сонгинохайрханчууд сонгохгүй нь бүр эхнээсээ тэнэг хүнд ч тодорхой байсан. Үүнийг буурал үстэй Баатар ч мэдэхийн дээдээр маш сайн мэдэж, мэдэрч байсан.

Яг үнэндээ бол АН-д Э.Батшугарыг ялахгүй юмаа гэхэд ядаж эн тэнцүү өрсөлдөөн бий болгоод гараад ирэх залуу кандитатууд олон байсан нь нууц биш. Үүнийг АН-ын удирдлагууд маш сайн ойлгож байсан ч ийм сонголт хийхийг хүсээгүй нь нь бас л хачирхалтай. Ёстой л нөгөө “залуучууддаа зайгаа тавьж өгөхгүй, үхсэн хойноо ч мөчөөрхөнө шүү” гэж аархдаг АН-ын хөгшин партизануудын авир араншин саяны нөхөн сонгууль дээр илэрсэн нь энэ гэж харахаас өөр юу гэлтэй.

Эцэст нь хэлэхэд Сонгинхайрхан дүүргийнхнээс Э.Бат-Үүлд өгсөн 6029 санал бол АН одоохондоо арай ч Монголын улстөрөөс нэг мөр арчигдчихаагүй байгаа гэдгийг харуулсан сайн дүр зураг. Нөгөө утгаараа Монгол төрийн тамгыг атгаж сайн муу нэр зүүж явсан тэдэнд ард түмэн нэгэнт итгэхээ байсныг илтгэсэн муу дүр зураг.

Энэ утгаараа АН муудаа Сонгинохайрхан дүүрэгт МАН-д ялагдаагүй, угаасаа хүндээ хөнгөнөөс өгч нэр нүүрээ нэгэнт барсан тус намаас нэр дэвшсэн хэн ч ялагдах нь тодорхой болчихсон нөхцөл үүссэн байсан. Харин МАН-ын тухайд гэвэл МАН мундагтаа Э.Батшугарыг ялуулчхаагүй болох нь дээр дурдсан баримтаас тодорхой харагдаж байна. Нэг үгээр хэлэхэд, АН муудаа, МАН мундагтаа Э.Батшугар нөхөн сонгуульд ялаагүй юм байна гэдэг дүр зураг бууж байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.151)
    Батүүл ялахгүйгээ мэдсэн ч Элбэгдорж чи нэр дэвш гэж шахсан байлгүй. Жинхэнэ баатар бол ялчих байсан. Баатараа журам зөрчөөд байгууллагадаа өгсөн нь но-той. Хүмүүсээр өрөвдүүлэх гэсэн санаа. Одоо түүнийг Улсын баатар гэж дуудах юм уу яах юм?!
    2021 оны 10 сарын 21 | Хариулах
Top