УИХ-ын гишүүн, Сангийн сайд Болдын Жавхлангийн хамаарал бүхий “Долоон болдог” ХХК 2020 оноос хойш яам, тамгын газар, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас зарласан ширээ сандал, тавилга нийлүүлэх тендерт өрсөлдөгчгүй шахам ялалт байгуулсаар ирсэн байх юм.
Сангийн сайд Б.Жавхлангийн тухайд 2016 оныг хүртэл “Долоон болдог” ХХК, “Евроэлектроникс” ХХК зэрэг компаниудын хувьцааг эзэмшдэг болохоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсээр иржээ. Харин тэрбээр 2017 онд “Долоон болдог” ХХК-ийн өөрийн хувь эзэмшлээ Самдан овогтой Ганбаатар, Самдан овогтой Ганбат нарт шилжүүлсэн байна. Үүнээс хойш тус компанийг АТГ-т мэдүүлэхээ больсон байгаа юм.
Гэсэн хэдий ч “Долоон болдог” ХХК-ийн үйл ажиллагааг Сангийн сайд Б.Жавхлангийн гэр бүлтэй салшгүй холбоотой байдаг гэдгийг зарим эх сурвалжууд хэлж байна. Тиймээс ч тус компани төрийн яам, тамгын газруудаас зарласан томоохон төсөвт өртөгтэй тавилга нийлүүлэх тендерүүдэд өрсөлдөгчгүй шахуу шалгарсаар ирсэн байж болзошгүй байна.
“Долоон болдог” ХХК 2020 онд 5,5 тэрбум төгрөгийн үнэтэй тавилгыг төрд нийлүүлжээ
"Долоон болдог" ХХК 2020 оны 2-р сарын 21-ны өдөр Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас зарласан “Соёл, урлагийн байгууллагад тавилга нийлүүлэх БСШУСЯ/202002507/01/01 дугаатай тендерт шалгарч 919 сая 815 мянган төгрөгийн гэрээ байгуулах эрх авсан;
2020 оны 2-р сарын 19-ний өдөр Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас зарласан “Багц-1 Ерөнхий боловсролын сургуулийн 6 настай хүүхдийн сурагч ширээ, сандал” нийлүүлэх БСШУСЯ/202002507/01/01 дугаартай тендерт шалгарч 798 сая 32 мянган төгрөгийн, “Багц-2 Ерөнхий боловсролын сургуулийн бусад суралцагчийн сурагч ширээ, сандал” нийлүүлэх тендерт мөн адил шалгарч 1 нэг тэрбум 915 сая төгрөгийн гэрээ байгуулах эрх авсан;
2020 оны 3-р сарын 16-ний өдөр Боловсрол соёл, шинжлэх ухааны яамнаас зарласан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах” БСШУСЯ/202002499/01/01 дугаартай тендерт шалгарч 1 тэрбум 847 сая төгрөгийн гэрээ байгуулах эрх авсан.
Энэ мэтээр тус компани 2020 онд л гэхэд зөвхөн Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас зарлагдсан ширээ сандал, тавилга нийлүүлэх дөрвөн багц тендерт ялалт байгуулж нийт 5,5 тэрбум орчим төгрөгийг төсвөөс авсан болох нь дээрх баримтаар тодорхой байна.
"Долоон болдог" ХХК 2021 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн тендерт шалгарч төрөөс 1,3 тэрбумын санхүүжилт авчээ
2021 оны 05-р сарын 04-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 5-р хороонд байрлах нийтийн зориулалттай 45-р байрны фасад засах БХБЯ/202105173/01/01 дугаартай тендерт шалгарч 507 сая төгрөгийн гэрээ байгуулах эрх авсан;
2021 оны 05-р сарын 21-ний өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ширээ худалдан авах ТХААГ/202105003/01/01 дугаартай тендерт шалгарч 500 сая төгрөгийн гэрээ байгуулах эрх авсан;
2021 оны 06-р сарын 14-ний өдөр Эрдэнэс таван толгой ХК-аас зарласан хувцасны шүүгээ, тумбочка, ханын шүүгээ нийлүүлэх ЭТТ/202102370/01/01 дугаартай тендерт шалгарч 296 сая 104 мянган төгрөгийн гэрээ байгуулах эрх авсан;
2021 оны 06-р сарын 16-ний өдөр Эрдэнэс таван толгой ХК-аас зарласан Ширээ сандал нийлүүлэх ЭТТ/202102371/01/01 дугаартай тендерт ялалт байгуулж 64 сая төгрөгийн гэрээ байгуулах эрх авчээ
Эндээс харахад тус компани 2021 оны эхний хагас жилийн байдлаар төрийн яам, төрийн өмчит компаниас зарласан тендерт шалгарч 1 тэрбум 340 сая төгрөгийн санхүүжилтийг авсан болох нь тодорхой байна.
“Долоон болдог” ХХК-ийн сүүлийн нэг жил орчмын тендерийн түүхийг энэ мэтээр судалж үзэхэд 2020 онд тус компани 4 тендерт шалгарч нийт 5,5 тэрбумын, 2021 онд мөн адил 4 тендерт шалгарч 1 тэрбум 340 сая төгрөгийн буюу хоёр жилийн хугацаанд нийтдээ 6,8 тэрбумын тавилга, эд хогшил, ширээ сандлыг төрд нийлүүлжээ.
Эцэст нь хэлэхэд, Засгийн газрын сайдын хамаарал бүхий компани Засгийн газрынхаа харьяа яамдаас зарласан тендерүүдэд шалгарч төсвийн мөнгийг тэрбум, тэрбумаар нь халаасалж буй энэ үзэгдлийг нь ашиг сонирхлын зөрчил гэхээс өөр юу гэлтэй билээ.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (10)