Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү Ухнаа овогтой Давхарбаярын “Эрдэнэт үйлдвэр”-т бараа нийлүүлэх ажил үргэлжилсээр байгаа ажээ.
Тэрбээр 2014 онд өөрийн хамаарал бүхий “Тэнгэр суудал” ХХК-иараа дамжуулж 354 мянган ам.долларын, 2016 онд мөн тус компаниар дамжуулж 712 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүнийг “Эрдэнэт үйлдвэр”-т шахсан тухай асуудал одоогоос хоёр жилийн өмнө сөхөгдөж байв.
Тэгвэл тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” төрийн мэдэлд 100 хувь шилжиж Х.Бадамсүрэн тус үйлдвэрийн Ерөнхий захирлаар, түүний төрсөн ах У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан цаг үед ч “Эрдэнэт үйлдвэр”-т бараа нийлүүлэх ажлаа үргэлжлүүлэн хийсээр байжээ.
Тодруулбал, У.Давхарбаярын 2018 он хүртэл Ерөнхий захирлаар нь ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сард Намсрайжав овогтой Гантулгад Ерөнхий захирлын эрхээ шилжүүлсэн “Тэнгэр суудал” ХХК 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “вакуум таслуур нийлүүлэх” тендерт ялалт байгуулж 378 сая 116 мянга 100 төгрөгийг, мөн тус үйлдвэрээс 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зарласан “төрөл бүрийн агрегат нийлүүлэх” тендерт дахин ялалт байгуулж 392 сая 187 мянга 960 төгрөгийг буюу нийт 770 сая 304 мянган төгрөгийг бараа нийлүүлснийхээ хөлсөнд авчээ.
Харин 2021 он гарсаар тус компани 896 орчим сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “Эрдэнэт үйлдвэр”-т дахин нийлүүлсэн байна.
Тухайлбал, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 240 сая 337 мянган төгрөгийн үнэтэй “автоматжуулалтын контроллёрын тэжээлийн блок” нэртэй барааг нийлүүлсэн бол 2021 оны 04 дүгээр сарын 16-ний өдөр 256 сая төгрөгийн үнэтэй “автоматжуулалтын контроллёрын оролт гаралтын модуль” гэх нэршилтэй барааг тус тус нийлүүлжээ.
Харин дээрх үйл явдлаас хэдхэн хоногийн дараа буюу 2021 оны 04 дүгээр сарын 26-ний өдөр 339 сая төгрөг 790 мянган төгрөгийн үнэтэй “цахилгааны хайрцгийн тоноглол”-ийг “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлжээ.
Эндээс харвал У.Давхарбаярын ганцхан компани л гэхэд нэг жил хүрэхгүй орчмын хугацаанд 1 тэрбум 700 орчим сая төгрөгийн барааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийлүүлсэн болох нь ойлгогдож байна.
Улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүдийн компани Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярын үед Эрдэнэт үйлдвэртэй шууд гэрээ байгуулан тэрбумаар нь халаасладаг байсан бол өдгөө уг шахаа тендер нэрийн дор явагддаг болсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа.
Хэдийгээр “Тэнгэр суудал” ХХК-ийн зүгээс Эрдэнэт үйлдвэрт нийлүүлсэн дээрх бараа бүтээгдэхүүнүүд тендерийн хуулийн дагуу явагдсан мэт харагдаж байгаа боловч цаад утгаараа хэн нэгэн улстөрчийн ашиг сонирхол нөлөөлсөн байж болзошгүй гэдэг хардлага дагуулж байгаа юм.
Учир нь У.Хүрэлсүх бол Х.Бадамсүрэнг тус үйлдвэрийн даргаар томилогдоход Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан нэгэн. Мөн Х.Бадамсүрэнг өдий хүртэл уг суудал дээрээ тогтож байгаа шалтгааныг ч У.Хүрэлсүхийн нөмөр нөлөөтэй холбож ойлгох хүмүүс цөөнгүй бий. Тиймээс У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаярын жил хүрэхгүй хугацаанд Эрдэнэт үйлдвэрт 1,7 тэрбумын бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн дээрх асуудлыг хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгахад нэг их буруудаад байх юм алга.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (13)