Б.Мөнхбаатар сайдтай Барилга, хот байгуулалтын яамны харьяа газар, агентлагуудын дарга нарыг АТГ-аас авлига, албан тушаалын хэргээр толгой дараалан шалгаад эхэлжээ.
Тодруулбал, АТГ-аас хэдхэн хоногийн өмнө тус яамны харьяа газар болох Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн.
Ж.Батсуурийг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нартай хамтатган шалгаж байгаа бөгөөд тэднийг цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас айл өрх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн цэвэр, бохир усны төлбөрийн хөнгөлөлт дээр үнийг хуурамчаар нэмэгдүүлэн бичиж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэх асуудлаар шалгаж байгаа юм.
Тэгвэл Ж.Батсуурийн араас Барилга, хот байгуулалтын яамны харьяа агентлаг болох Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг шалгаж эхэлжээ.
АТГ-аас Ц.Ганхүүгийн гэр болон ойр дотны хүмүүсийнх нь гэрт нь нэгжлэг хийж их хэмжээний бэлэн мөнгө, гадаад вальют хураан авсан байна.
Хуулийн байгууллага Ц.Ганхүүг хамаарал бүхий хүмүүсийнхээ компанид барилга, орон сууц барих зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон асуудлаар шалгаж эхэлсэн бөгөөд Ц.Ганхүүгийн олгосон зөвшөөрлийн дагуу түүний хүүхэд болох Г.Батболдын "Инэл" ХХК Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн аманд “Инэл зайсан виллаж”, “Чариот ресиденс”, “Морьтон ресиденс” зэрэг хотхонуудыг барьсан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл (33)