2016-2020 оны парламентад хууль тогтоож суусан 49 гишүүн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нэн хөнгөлөлттэй зээл авсан асуудал анх 2018 онд дэлгэгдэж байв.
Одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд, МАН-ын даргаар ажиллаж байхдаа нэгэнтээ “ЖДҮ зээл авсан УИХ-ын гишүүд, намын нөхөддөө хатуу хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдэж байсан удаатай.
УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын гишүүд өнгөрсөн хугацаанд шүүхээс ял сонсож, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан тэргүүтэй улстөрчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй өнжсөн. Магадгүй үүнийг Монголын хуулийн засаглал, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарын зүгээс тэдэнтэй тооцсон “хатуу” хариуцлага гэж харж болох юм.
Нөгөөтэйгүүр эдгээр хүмүүсийн тухайд энэ мэтээр их багаар зохих хариуцлагаа үүрсэн боловч дээрх этгээдүүдтэй яг адилхан зээл авч, яг адилхан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан атлаа хуулийн хариуцлагаас мултарч, тэр бүү хэл УИХ-ын гишүүний зөөлөн сэнтийд дахин заларсан улстөрчид өнөөгийн парламентэд цөөнгүй байна. Шуудхан хэлэхэд тэдний нэг нь Чингэлтэй дүүргээс УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдоод байгаа Мөнхөөгийн Оюунчимэг гэх эрхэм юм.
М.Оюунчимэг ЖДҮ зээл аваагүй гэж наанаа мэдэгдсэн боловч цаагуураа ЖДҮ-ийн бялуунаас 500 саяыг хүртээд сууж байв уу?
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг 2018 онд албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа улстөрд нөлөө бүхий эрх мэдэлтнүүдэд 250 саяас гурван тэрбум хүртэлх 3 хувийн хүүтэй зээлийг ЖДҮХС-аас хууль зөрчин олгосон байдаг. Тухайн үед уг асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, ЖДҮ-чин гишүүдийн нэрс зарлагдаж байхад М.Оюунчимэгийн нэр ус ч тэдгээртэй хамт дуулдаж байв.
Харин эрхэм гишүүн М.Оюунчимэгийн зүгээс уг асуудлыг үгүйсгэж “Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр ганцхан компани байдаг. Гэхдээ энэ нь миний нөхрийн эрхэлдэг компани. Тухайн компани ЖДҮХС-аас зээл аваагүй. Миний нэрийг сэвтүүлэх юм хийгээд байна. Чанга дуугарч, зарим зүйлд шаардлага тавьж байгаа болохоор ямар нэг зүйлтэй холбочих гэсэн зүйл их явж байна. Нөгөөтэйгүүр ЖДҮ-ээр далимдуулж том луйварыг хаах гэсэн зүйл яваад байна. Энэ асуудлыг шүүх цагдаагаар шалгуулна” хэмээн ярьж байжээ.
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн зүгээс М.Оюунчимэг гишүүний хэлсэн энэхүү үгэнд итгэсэн үү, яасан ямартай ч М.Оюунчимэгийн нэр холбогдсон ЖДҮ зээлтэй холбоотой асуудал өнөөг хүртэл ахин сөхөгдсөнгүй.
Гэтэл өөрийгөө “ЖДҮ зээл аваагүй, Зээл авсан гэж гүтгэж байгаа хүмүүсийг шүүх цагдаагаар шалгуулж” нэр төрөө сэргээлгэнэ гэж ярьж явсан тэрбээр хөшигний ард бусад УИХ-ын гишүүдийн нэгэн адилаар ЖДҮ-ийн бялуунаас 500 сая төгрөгийн хэрчим амсчихаад хээв нэг худлаа яриад сууж байсан болж таарлаа. Үүнийг доор өгүүлэх баримт баталж байна.
М.Оюунчимэг ЖДҮХС-аас зарласан төслийн сонгон шалгаруулалтад хоёр компани, нэг иргэний нэр өгөөд нэг компани нь шалгарчээ
2018 оны хаврын ЖДҮХС-ын төслийн сонгон шалгаруулалт явагдаж дууссаны дараа Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг тухайн үеийн ЖДҮХС-ийн захирал С.Төгсбилэгийг дуудаж уулзан "УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн төсөл хоцорчихсон гээд баахан юм яриад байна. Би чиний утсыг өгчихсөн шүү. Чи биечлэн уулзаад учир байдлыг сайн тайлбарлаад өгчих. Би дараагийн санхүүжилтэд оруулна гээд хэлчихсэн шүү” гэж ярьжээ.
Улмаар дараагийн төсөл сонгон шалгаруулах хугацаа болоход М.Оюунчимэг С.Төгсбилэг рүү залгаж “С.Төгсбилэг ээ, сайдтай чинь сая уулзлаа. Чамд үүрэгдсэн байгаа гэсэн. Манайхтай холбоотой асуудлуудыг манай туслах яриад очно шүү” гэж хэлсэн байна.
Уг яриа өрнөсний дараа Б.Батзориг С.Төгсбилэгийг өрөөндөө дуудаж уулзаад А4 бичгийн цаасан дээр "Бест авто тюнинг” ХХК, “Уран хийц” ХХК, иргэн н.Энхтөгс нарын нэрсийг “УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийнх шүү” гэж тодотгоод “санхүүжилтэд багтаах хуулийн этгээдүүд” гэж бичүүлжээ.
Төслийн сонгон шалгаруулалтаас ”Уран хийц” ХХК болон иргэн н.Энхтөгс нарын төслийн материалууд шаардлага хангахгүй байсан гэдэг шалтгаанаар хасагдаж, "Бест авто тюнинг” ХХК-д санхүүжилт олгох шийдвэр гарчээ. Тус компани нь ЖДҮХСангаас 600 сая төгрөгийн санхүүжилт хүссэн хэдий ч Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар 500 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэгдсэн байна.
Уг явдлаас хойш хэсэг хугацааны дараа сайд Б.Батзориг С.Төгсбилэгт хандаж “М.Оюунчимэг гишүүний 2, 3 төсөл байхад чи болгочихгүй яасан юм бэ. Хүн хэлээд байхад анхаараад шийдчихгүй. Тэр үлдсэн 100 сая гээд юм яриад төвөгтэй байна. Тэр үлдсэн 100 гээд байгааг нь шийдэж болохгүй юм уу, тэрийг нь шийдээд өг. Санхүүжилтээ аваагүй компаниудын төслөөс шийдэх гарц ол” гэж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатын дэргэд хэлжээ.
Эндээс харвал ЖДҮХСангийн төсөл сонгон шалгаруулалтаас хоёр төсөл нь хасагдаж, шалгарсан компанийх нь төслөөс 100 сая төгрөг дутуу олгогдож санхүүжүүлсэнд эрхэм гишүүн М.Оюунчимэг нилээдгүй бухимдаж сайд Б.Батзоригоос үлдсэн 100 сая төгрөгөө нэхсэн болох нь ойлгогдож байгаа юм.
"Бест авто тюнинг” ХХК ЖДҮХСангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах төслийн шаардлагыг хангаагүй байсан боловч М.Оюунчимэгийн шахалтаар шалгарчээ
ЖДҮХСангийн зүгээс М.Оюунчимэгийн гэх тодотголтой "Бест авто тюнинг” ХХК-ийг төслийн шаардлага хангасан хэмээн 500 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан ч уг компани ч бас “Уран хийц” ХХК, иргэн н.Энхтөгс нарын нэгэн адил шаардлага хангаагүй байсан болох нь хуулийн байгууллагын шалгалтын явцад тогтоогдсон байна.
Тухайлбал, “Бест авто тюнинг” ХХК нь харилцдаг татварын албандаа 4 сая 345 мянган төгрөгийн, нийгмийн даатгалын ерөнхий газарт 3 сая 273 мянган төгрөгийн өр төлбөртэй байсан нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын 2.6-д заасан “Дараах зээл хүссэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй”, 2.6.5-д “нийгмийн даатгалын хугацаа хэтэрсэн өртэй”, 2.6.6-д “харилцдаг татварын байгууллагын хугацаа хэтэрсэн өртэй” гэж заасныг тус тус зөрчсөн байжээ.
Хууль УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “шахааны” компанид ч бас адилхан үйлчилдэг байсан бол дээрх шалтгаанаар “Бест авто тюнинг” ХХК Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэн хөнгөлөлттэй зээлээс хасагдах байж. Гэтэл тийм зүйл болсонгүй.
"Бест авто тюнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мягмарцэрэнгийн тухайд АТГ-т өгсөн мэдүүлэгтээ М.Оюунчимэг бид хоёр 10 жилдээ нэг сургуульд сурдаг байсан хэмээн өчжээ. Тэрбээр мөн “Миний зүгээс М.Оюунчимэгтэй утсаар ярихдаа “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд материалаа өгсөн байгаа, та миний зээлийг дэмжээд өгөөч” гэж хэлсэн. Намайг дэмжээд өгөөч гэж хэлсэн болохоор М.Оюунчимэг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан руу утсаар ярьж өгсөн байх” хэмээн мэдүүлсэн байна.
Харин УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэвлэлд үүнээс огт өөр зүйл ярьжээ. Тэрбээр “Өргөдлийн байнгын хороонд “Бид ийм мундаг зүйл хийсэн. ЖДҮХС бидний асуудлыг авч үзэхгүй байх шиг байна. Та хэлээд дэмжээд өгөөч” гэж 5,6 компани орж ирсэн. Би тэр хүмүүст хууль дүрмийнх нь дагуу материалаа ЖДҮХСанд аваачиж өг. Шилэн байх ёстой учраас би шаардлага тавъя гэж хэлээд буцаасан” хэмээн ярьсан байх бөгөөд тэрээр сургуулийн найздаа тусалсан гэдгээ огт хэлсэнгүй.
Тиймээс хуулийн байгууллага УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг ч бас Б.Ундармаа, Б.Батзориг нарын нэгэн адил улстөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж эд хөрөнгө олж авсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй энэ мэт үйлдэлд нь хариуцагчаар татан шалгах учиртай. Даанч АТГ-ын дарга Х.Энхжаргал болон Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар энэ талаар өнгөрсөн хугацаанд нэг ч алхам авч хэрэгжүүлсэнгүй. Магадгүй тэдний гар хөлийг М.Оюунчимэгийн УИХ-ын гишүүний бүрэн эрх, түүний ард талд хамгаалалт болж байгаа үнэмлэхүй эрх мэдэлтэй МАН тушсан байж болох юм.
Дашрамд сонирхуулахад, тухайн үед зарим хэвлэлээр “Бест авто тюнинг” ХХК-ийн захирал Г.Мягмарцэрэн ЖДҮХСангаас 500 сая төгрөгийн зээлийн санхүүжилт авсныхаа дараа буюу 2018 оны 09-р сарын 28-ны өдөр Хаан банк дахь хувийн харилцах данснаасаа М.Оюунчимэгийн нөхөр н.Баярсайханы Голомт банк дахь харилцах данс руу 150 сая төгрөг шилжүүлсэн” гэх мэдээлэл цацагдаж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN
Сэтгэгдэл (7)