Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал дагасан шинэ суурьшлын бүс байгуулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2021.08.13) тус суурьшлын бүс байгуулах ажлын хэсэг, холбогдох яамдын албан тушаалтнууд болон Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нартай уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, энэхүү суурьшлын бүсийн төлөвлөлтийг эхнээс нь зөв зохион байгуулалтай хийснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын түгжрэлийг бууруулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтойг онцоллоо. Тиймээс Хөшигийн хөндийн нисэх буудлыг дагасан шинэ суурьшлын бүсэд чөлөөт бүс байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд чөлөөт бүс байгуулснаар Монгол Улсын эдийн засаг сэргэх боломж харагдаж байгаа тул төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгж, иргэдийн бизнест татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, ипотекийн зээлийн хүүг бууруулах зэрэг цогц арга хэмжээг авах хэрэгтэй хэмээн Г.Занданшатар дарга хэллээ.
Эдийн засгийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар нисэх буудлын ажилтнуудын орон сууц, зочид буудал зэрэг асуудлыг эхний ээлжид шийдэх санал хэллээ. Мөн Цэвэрлэх байгууламж, усан хангамж, дулааны шугам зэрэг дэд бүтцийн зураг төслийг ойрын хугацаанд гаргах, бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшилд түшиглэн шуурхай, чанартай хийх нь чухал гэв.
Мөн тэрбээр "Стандартыг чанд баримталж байж зөв зохион байгуулалт, уялдаатай, эмх цэгцтэй хөгжлийн баримжааг буй болгох учиртай. Тиймээс Хөшигийн хөндийг дагасан суурьшлын шинэ бүсэд чөлөөт бүс байгуулахад Улсын Их Хурал анхаарна" гээд холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.