өдөр
шөнө
×

УИХ-ын дарга ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.13) Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамураг хүлээн авч уулзав.   

Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсын хөгжил, шинэтгэлийн бодлого, түүний туршлагын талаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, цаашид төлөвлөгөө гарган ажиллах саналыг хатагтай Э.Тамурад тавьсан. Энэ удаагийн уулзалтаар  “Япон лугаа адил хөгжье” санаачилгын хүрээнд болох цуврал хэлэлцүүлгийн сэдвүүдийн талаар санал солилцлоо. 

 УИХ-ын дарга уулзалтын эхэнд, хатагтай Э.Тамурад болон Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас цуврал хэлэлцүүлэг хамтран зохион байгуулахаар болсонд талархал илэрхийллээ. Монгол Улс Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэж байгааг дурдаад өнгөрсөн 100 жилийн  ололт, амжилтаа дүгнэж ирэх зуун жилийнхээ хөгжлийн шинэ загварыг тодорхойлж, боловсрол, эдийн засаг, нийгэм, хөгжлийн бодлого  зэрэг таван үндсэн чиглэлд шинэтгэлийг эхлүүлж, энэ чиглэлээр Ажлын хэсгүүд байгуулагдан, хууль тогтоолын төслүүдээ боловсруулж байгааг онцлов. 

Мөн тэрбээр хэлсэн үгэндээ, Япон Улсын хөгжлийн туршлагыг судлах ач холбогдолтойг онцлоод “Япон лугаа адил хөгжье” санаачилгыг бодитой ажил болгох, тодорхой чиглэлийн шинэтгэлийн хүрээнд хийх ажлуудаа төлөвлөж, салбар хоорондын уялдаа холбоог сайтар ханган ажиллаж байгааг тэмдэглэв. Цаашид энэ чиглэлээр байгууллагдсан Ажлын хэсгүүдтэй тааламжтай цагтаа уулзах боломжтойг дуулгалаа. Түүнчлэн хамтран зохион байгуулах цуврал хэлэлцүүлэгт ЖАЙКА-ийн Ерөнхийлөгч оролцож илтгэл тавихаар болсонд талархал илэрхийлэхийн зэрэгцээ эхний хэлэлцүүлгээ ирэх есдүгээр сард явуулах саналтай байгаагаа уламжилсан.

Япон Улсын  Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Э.Тамура ЖАЙКА-ийн зүгээс тавьсан саналыг УИХ-ын дарга дэмжин ажиллаж байгаад талархаад, цуврал хэлэлцүүлгүүдийг амжилттай хамтран зохион байгуулахад анхаарч ажиллаж байгаагаа мэдэгдэв  гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top