За ийм л ойлгомжтой юм л даа. Сая аян замд тариалангийн талбай олон таарсан. Ширүүн борооноор эхнэр хүүхдээ хуучны пикап машиндаа нойтон хувцастай нь чихээд, усанд автсан ногооны талбайгаа орхиод нүдэндээ гунигтай нүүгээд явж байгаа залуутай ч Булганд тааралдсан. Үрсэлгээ, арчилгаа, усалгаа тордолтонд нь төр нэг ч зоос нэмэрлээгүй, нэг хүрз шороо хөдөлгөөгүй, нэг атга үр цацаагүй. Тариаланч, ногоочид бор зүрхээрээ зүтгэж, бор шөнө шар өдрийг хуруу даран тоолж, өглөө болгон тэнгэр царайчилж, үдшийн сэрүүнээр мөрөө холготол ус зөөн байж бондойлгож авсан жаахан ногоогоо нийслэлийнхэнд заръя л гэж байна.
Нэг их хааж боогоод, хад чулуу царайлаад, нийслэлийн захирагчийн албанаас нийт ногоочидтой хэлэлцээр хийлээ энэ тэр гэж эрх дархаа үнэртүүлээд байх шаардлагагүй. Нийлүүлэгч, хэрэглэгч хоёр өөрсдөө учраа олчихно. Үнэ тогтоож, үзэг уралдуулж татаас авах ч хэрэггүй. Ард түмэн амьдармаар байна. Төрдөө дарамт бололгүй, төсвөөс гуйлгүй хоногтоо хоолтой, мөрөндөө хувцастай, гэртээ галтай байгаа хэн бүхнийг хүндэл, хайрла. Боломж олго, эх орны хөрснөөс ургуулсан баялагаа эх орондоо зарж борлуулах гэж байхад гадаад харилцаа шиг юун хэлэлцээр, тохиролцоо болоод хүндрээд явчихав даа, бас.
Яг энэ хүнд суртал чинь л яруу алдарт төрийг, янцагласан түшмэлүүдтэй нь яр шарх шиг харагдуулаад байгаа юм. Бид шинэ ногоо идмээр байна, тэд шинэ ногоогоо зармаар байна. Дунд нь төр дуу тавьж орж ирээд, дуурь жүжигт тоглоод байх шаардлага ерөөсөө ч байхгүй. Нийслэлийн том, жижиг гудамж, талбайг чөлөөлөөд өг, тэдэнд. Нийслэлчүүд хаяанаасаа ногоогоо авч идмээр байна, ургацын далайд бялхаж, уугуул нутгийнхаа хөрсөнд ургасан төмс лууванг амтархмаар байна. Ойлгомжгүй юм энд юу ч алга, одоо тэгж байж төмсөөр шидүүлэв дээ.
ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН