2016-2020 оны парламентад АН-аас сонгогдсон нэр хүндтэй цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг болох З.Н-ийн зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Б гэгч нь бусдаас их хэмжээний мөнгө зээлсэн боловч, өнөөг хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй “луу унжиж” яваа тухай асуудлыг бид хөндөж байна.
Тодруулбал, Ж.Б гэгч нь 2017 онд өөрийн нөхөр Я.Г-ийн хамтаар Завхан аймагт төвлөрсөн дулааны зуух барих зорилгоор найз нөхдийн харилцаатай Л.Г-ээс их хэмжээний мөнгө зээлжээ.
Тэд зээл авсныхаа дараа уурын зуухаа барьж ашиглалтад оруулсан байдаг бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болж иргэн Л.Г-ийн зүгээс Ж.Б болон түүний нөхрөөс зээлсэн мөнгөө нэхэмжлэхэд тэд зээлээ төлөхөөс татгалзаж эхэлсэн байна.
Уг асуудал даамжирсаар гурван жилийн дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр оржээ. Шүүхээс Ж.Б нь иргэн Л.Г-г хохироосон болохыг тогтоож, Ж.Б-ийн банкны дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн хэмжээнд зогсоож, хохирлыг барагдуулж хүрэлцээгүй тохиолдолд эд хөрөнгийг үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэх тухай шүүгчийн захирамж гаргажээ.
Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэл явагдаж байх хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр Ж.Б нь өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө нөхөр Я.Г-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж эхэлжээ.
УИХ-ын гишүүн З.Н-ийн зөвлөх Ж.Б-д их хэмжээний мөнгө зээлүүлсэн Л.Г-ийн зүгээс өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөгийн хохирлын нөхөн төлбөр авч чадаагүй байгаа бөгөөд түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бие сэтгэл, эд материалын ихээхэн хохирол амсаад байгаа учраас хэвлэл мэдээлэлд хандахаас өөр аргагүй байдалд орсон тухайгаа хэллээ.
Манай сайтын эрэн сурвалжлах алба дараагийн удаад энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг сурвалжлан хүргэх болно.
Сэтгэгдэл (5)