өдөр
шөнө
×

“Эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт цуврал лекцийн арга хэмжээг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ

Монголбанк, Азийн хөгжлийн банк хамтран “Эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн цуврал лекцийг цахимаар зохион байгуулж байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.06.15) тус арга хэмжээний нээлтэд оролцож, үг хэлэв.  

Тэрбээр арга хэмжээг санаачлагч, дэмжин зохион байгуулагч  Азийн хөгжлийн банк, Монголбанкинд, шинжлэх ухааны шинэ мэдлэг, туршлага, үнэт зүйлээ хуваалцах гэж байгаа дэлхийд тэргүүлэх эрдэмтэн судлаачид, нийт оролцогчдод Монгол Улсын парламентын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.

Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт төрийг төлөвшүүлэх шинэ замаар 30 жил замнасан бөгөөд чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэн өнгөрсөн он жилүүд монголчуудад туршлага, сургамжийн аль алиныг авчирсан болохыг дурдав. Энэ онд монголчууд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын 100 жилийн ойг тэмдэглэж байгааг тэмдэглээд “Өөрөөр хэлбэл монголчуудын шинэ түүхийн нэгэн зуун, ардчилсан тогтолцооны гурван арваны түүхэн ой давхцан тохиож байгаа юм. Энэ түүхэн мөчлөг дээр бид зөвхөн хууль засагладаг, эрүүл шударга нийгмийг төлөвшүүлэх, улсынхаа эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг томъёолох түүхэн зорилт, Алсын хараагаа тодорхойлж байна. Ийм үед эрх зүйн эдийн засгийн дүн шинжилгээ хэмээх орчин үеийн цоо шинэ судалгааны чиг хандлагын талаар мэдлэг мэдээлэл, санал бодлоо солилцох энэхүү арга хэмжээ болж байгаа нь нэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна” гэлээ.  

Эрх зүй ба эдийн засгийн ухааныг салангид биш нэгдмэл хүрээнд, харилцан уялдаанд нь авч үзэх хандлага дэлхий нийтэд түгээмэл болсныг Улсын Их Хурлын дарга цохон тэмдэглэсэн. Энэ чиглэлийн туршлага, амжилтаас суралцах нь хөгжиж буй орны статустай, хөгжлийн ихээхэн ирээдүй, боломж нөөцтэй манай орны хувьд маш чухал гээд “Хууль тогтоох үйл ажиллагаанд эдийн засгийн дүн шинжилгээний арга барил, үр ашгийн тооцооллыг заавал нэвтрүүлж, зөв тусгах нь манай парламентын шинэчлэлийн зорилгын нэг хэсэг болж байна. Ингэснээр батлан гаргаж буй хуулиуд, төрийн бодлого оновчтой, үр дүнтэй байж, улсын эдийн засаг, бизнесийн орчин, бүх шатны байгууллагын засаглалд эерэг нөлөө үзүүлэх болно” гэв.

Үргэлжлүүлэн тэрбээр “Эрх зүйн асуудлыг эдийн засгийн үр ашгийн талаас нь тооцоолох, эдийн засгийн аливаа асуудалд эрх зүйн зөв зохицуулалтыг шингээх нь онцгой анхаарах асуудлын нэг мөн гэж бид үзэж байгаа.

Дэлхий нийт технологийн IV хувьсгал, Их өгөгдлийн эринд ажиллаж, амьдарч байна. Тиймээс Монгол Улсын Их Хурал цахим шилжилт хийх, их өгөгдөл, дата анализыг хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад ашиглахыг ихээхэн чухалчилж байгаа. Мягмар гаригт Хон Конгийн их сургуулийн профессор Жуанг Лиу-гийн унших “Эрх зүйг судлахад хиймэл оюун ухаан болон дата майнинг ашиглах нь” сэдэвт лекц миний сонирхлыг онцгой их татаж байна. Ёс зүйт төрийг төлөвшүүлэх зорилгоор төрийн алба хаагчдын ёс зүйн хэм хэмжээг хуульчлахаар манай парламент ажиллаж байгаа. Тэгвэл мэргэжлийн ёс зүйн эрх зүй ба эдийн засгийн сэдвээр Обириний их сургуулийн профессор Такао Сайто лекц унших юм. Хууль тогтоох үйл ажиллагаа шинжлэх ухааны нотолгоо, судалгаа шинжилгээнд суурилах ёстой гэж бид үзэж, Улсын Их Хурлын дэргэд бие даасан Парламентын судалгааны хүрээлэн байгуулсан. Японы Кэйо-гийн их сургуулийн профессор Такэхира Ооя-гийн Нотолгоонд суурилсан бодлого боловсруулалтын сэдэвт лекц манай парламентын гишүүдэд ихээхэн сонирхолтой байх нь дамжиггүй.

Монгол Улсын Их Хурал өнгөрсөн 30 жилийн туршлага сургамждаа дүгнэлт хийж, ирээдүйн хөгжлийн шинэ загварыг томъёолохоор ажиллаж байгаа талаар би дээр дурдсан. Энэ шинэ загвар нь Ази, Дорно дахины, түүний дотор Япон Улсын экспортын чиг баримжаатай, тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлогоос үлгэр жишээ авсан, банк санхүүгийн байгууллага, төр засгийн хамтын түншлэлд суурилсан, Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар, боломж, нөөцөд түшиглэсэн МОНГОЛ ЗАГВАР байх ёстой гэж бид үзэж байгаа юм. Энэ бодлого, зорилтод профессор Викрамадитя Канна, Томас Юлен,  Жонатан Масур, Шозо Ота, Макото Яно нарын лекц шинэ санаа, шилдэг шийдлийг бидэнд өгнө гэдэгт итгэж байна.

Монголчууд бидэнд өөрсдийн судалгаа шинжилгээний баялаг туршлага, оновчтой санаа, үнэтэй санал, зөвлөмжөөсөө хуваалцах гэж байгаа дэлхийн хэмжээний тэргүүлэх профессорууд Та бүхэндээ баярлалаа. Цаашид бидний хамтын ажиллагаа урт хугацаанд, амжилттай үргэлжилнэ гэдэгт найдаж байна” хэмээгээд цахим лекцийн арга хэмжээнд амжилт хүслээ.

Цуврал лекцийн эхний өдөр буюу өнөөдөр Иллинойн их сургуулийн профессор Томас Юлен “Эрх зүй ба эдийн засгийн ухааны орчин үеийн ололтууд” сэдвээр, Мичиганы их сургуулийн профессор Викрамадитя Канна “Компанийн эрх зүй ба эдийн засгийн хөгжил” сэдвээр лекц танилцууллаа. Энэ удаагийн цахим лекцэд 150 орчим хүн оролцсон бөгөөд лекц танилцуулсан профессорууд оролцогчдын асуултад хариулт өгсөн юм.

Дэлхийн тэргүүлэх эрдэмтдийн цуврал лекцийг цахимаар танилцуулах уг арга хэмжээ 2021 оны зургадугаар сарын 15, 16, 18, 22-ны өдрүүдэд цахимаар болох бөгөөд оролцохыг хүсэгчид холбогдох линкээр хандан бүртгүүлэх юм байна. 

Цуврал лекцийн хоёр дахь удаагийн арга хэмжээ буюу 2021 оны зургадугаар сарын 16-ны өдөр цахимаар болж Киотогийн их сургуулийн профессор Макото Яно “Блокчейн ба криптовалют” сэдвээр, Токиогийн их сургуулийн профессор Шозо Ота “Шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар маргаан шийдвэрлэх нь-Үйл хөдлөлийн эрх зүй ба эдийн засгийн ухааны үүднээс” сэдэвт илтгэл танилцуулна. Кейо их сургуулийн профессор Такехиро Ооя “Япон дахь EBPM (нотолгоонд суурилсан бодлого боловсруулалт): Өнөө ба ирээдүй” сэдвээр, Обирины их сургуулийн профессор Такао Сайто “Мэргэжлийн ёс зүйн (хариуцлагын) эрх зүй ба эдийн засгийн ухаан” сэдэвт лекцийг 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр цахимаар  унших юм. Дөрөв дэх арга хэмжээ буюу 2021 оны зургадугаар сарын 22-нд Чикагогийн их сургуулийн профессор Жонатан Масур “Аз жаргалын талаарх үйл хөдлөлийн эрх зүй ба эдийн засгийн ухаан”, Хонг Конгийн их сургуулийн профессор Жуанг Лиу “Эрх зүйг судлахад хиймэл оюун ухаан болон дата майнинг ашиглах нь” сэдэвт илтгэлийг танилцуулж, профессорууд оролцогчдын асуултад хариулт өгнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top