Эрдэнэт үйлдвэрийг монголчууд саалийн ганц үнээ гэж нэрлэдэг. Үнэхээр ч тэр саалийн сүүтэй үнээ мөн. Өнгөрсөн гучин жилийн хүнд хэцүү он жилүүдийг “Эрдэнэт” үйлдвэр нуруун дээрээ үүрч гарсан нь үнэн юм.
Оросын талд оногдож байсан 49 хувийг хувийн хэвшлийнхэн эзэмшиж эхэлсэн 2016 онд бөөн хэл ам, хэрүүл тэмцэл болж байсныг бид мартаагүй санаж байна. Өнөөдрийг хүртэл дуусаагүй үргэлжилж байгаа.
Тэр үед буюу “Эрдэнэт” үйлдвэр хувьчлагдсаныхаа дараа жилд 184 тэрбум төгрөгийг улсын төсөвт тушааж байв. Тэгвэл өнөөдөр, өөрөөр хэлбэл Эрдэнэтийн 49 хувийг улсын мэдэлд эргүүлж авсны ачаар улсын төсөвт нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж байна. Өдөр, шөнө шиг ялгаатай байгаа биз.
“Эрдэнэт” үйлдвэрийн ажилч хичээнгүй хамт олон 2019 онд зэсийн метал авалтыг 89,3 хувьд хүргэн 37,2 сая тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсруулсан нь тус үйлдвэрийн түүхэн дэх хамгийн дээд амжилт болж орон нутгийн төсөвт анх удаа 961,8 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Эрдэнэтчүүдийн магнайг тэнийлгэн баярлуулжээ.
2020 онд тус үйлдвэр 32,5 сая тонн хүдэр боловсруулж удаах түүхэн дээд амжилтаа тогтоосон бөгөөд улс, орон нутгийн төсөвт нэг их наяд төгрөгийг төвлөрүүлсэн байна.
2017-2020 онд 27 сая орчим ам.долларын геологи хайгуулын ажил хийж “Эрдэнэт” үйлдвэрийн цаашид үйл ажиллагаа явуулах хугацааг 30-аад жилээр уртасган нэмэгдүүлж 70 гаруй жил ажиллах боломжийг бүрдүүлж чаджээ.
Энэ бүхний үр өгөөж нь Монголд цар тахал дэлгэрсэн өнөөгийн хүнд бэрх цаг үед эргээд ард түмэндээ бодитой дэмжлэг болон ирж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн ашигт ажиллагаанаас хуримтлуулсан 650 тэрбум төгрөгөөр Монгол Улсын Засгийн газар нийт иргэд, айл өрх аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, хог, усны төлбөрийг 2021 оны 7-р сарын 1-ныг хүртэл чөлөөлөн Засгийн газар өмнөөс нь шууд төлбөр хийх түүхэн шийдвэр гаргасан. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, хүндрэл цаашид үргэлжилбэл дээрх хөнгөлөлтийг 2021 оныг дуустал үргэлжлүүлэх хувилбарыг авч хэлэлцэнэ гэдгээ ч мэдэгдээд байгаа.
Монголчууд “Эрдэнэт” үйлдвэр, тус үйлдвэрийн ажилсаг, бүтээлч хамт олонд үнэхээр гүнээ талархаж байгаа. Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг 19 дэх удаагаа тэргүүлж, ач буянаа ард түмэндээ харамгүй хүртээж байгаа “Эрдэнэт” үйлдвэрийнхээ хамт олонд иргэд олон түмэн бүгдээрээ баярлаж байгаа. Ийм шийдвэр гаргаж “Эрдэнэт” хэмээх саалийн ганц үнээгээ ашигтай ажиллуулж чадаж байгаа Засгийн газартаа ч талархалтай хандаж байгаа.
Эх сурвалж: www.polit.mn