өдөр
шөнө
×

Монгол Улсын Их Хурлын гишүүдийн халдашгүй байдлын асуудалд ОУПХ анхаарч байна

Олон Улсын Парламентын холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаан өчигдөр (2021.05.24) боллоо. 

150 гаруй парламентын төлөөлөгч оролцсон Удирдах зөвлөлийн 207 дугаар хуралдаанд Монгол Улсын парламентыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, 2001-2004 оны ОУПХ-ны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллаж байсан Н.Энхболд, ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг нар оролцов. 

Хуралдаанаар эхлээд ОУПХ-ны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хорооны үйл ажиллагааны талаарх тайлангууд сонслоо.

Үргэлжлүүлэн ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон тус холбооны 2020 оны үйл ажиллагаа болон олон улсад үзүүлсэн “Нөлөөллийн тайлан”-г танилцуулсан. ОУПХ-ноос тухайн хугацаанд гол анхаарал хандуулж хийсэн ажил, түүний үр дүн, парламентууд, тэдгээрийн гишүүдтэй холбоотой онцлог асуудлыг тусгадаг уг тайланд Монгол Улсад парламентын гишүүн, сонгуулийн нэр дэвшигчийг хууль бусаар баривчлан саатуулсан тохиолдол гарсан. Энэ асуудлыг эрх зүйт төр, парламентын халдашгүй байдлын нийтлэг зарчмын хүрээнд шийдвэрлэнэ гэдэгт найдаж байгаагаа онцлон тэмдэглэсэн байлаа. 

Үүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хариу тайлбар хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсад болсон энэ хууль бус үйлдлийг “Нөлөөллийн тайлан”-д дурдсанд талархал илэрхийлээд бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй, дараагийн сонгуульд нэр дэвшсэн парламентын гишүүний халдашгүй байдлыг хууль бусаар зөрчсөн явдал гарсан. Хоригдож байх хугацаандаа сонгогчдын олонхын санал авсан хүн парламентын гишүүнээр дахин сонгогдсон. Тэрбээр Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрээр суллагдсан бөгөөд парламентын гишүүний тангарагаа өргөн, албан үүргээ гүйцэтгэж байгааг дурдав. Мөн энэ үйл явдал нь олон улсад ардчилсан парламентыг бэхжүүлэхийн төлөө ОУПХ-ны тэмцэл, дэмжлэг, улс орнуудын парламентын харилцан туслалцаа, хамтын ажиллагаа хэчнээн чухал болохыг нотлон харуулсан хэрэг болсон гэдгийг талархан тэмдэглэв. 

ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Чунгон, тааламжтай мэдээ сонссондоо баяртай байгаагаа илэрхийлээд парламентын дээрх гишүүнийг хууль бусаар баривчлан саатуулах асуудлыг шийдвэрлэхэд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо ихээхэн хүчин чармайлт гарган ажилласан, цаашид ч анхааралдаа байлгана гэдгийг цохон тэмдэглэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top