Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сонгуулийн сурталчилгааны нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж амжилт хүслээ.
Тэрбээр, "Төрт ёсны хоёр мянганы түүхтэй Монгол Улсын ардчилсан төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн сурталчилгаа өнөөдөр эхэлж байна.
Энэ сонгуулийн дараахь монгол наадмаар Монголчуудын тусгаар тогтнолын, хөгжил дэвшлийн шинэ зууны түүх, хүний эрхийг дээдэлсэн Ардчилсан Монгол улсын сэргэн мандлын шинэ эрин эхлэх болно.
Өдгөөгөөс зуун жилийн тэртээ Жанжин Сүх тэргүүтэй бидний өвөг дээдэс эв саналаа нэгтгэж Монгол орныг мөхөл хоцрогдлоос авран сэрээж, шинэ Монголын гал голомтыг бадраасан.
Хорин нэгэн оноос эхэлсэн хоёр дахь шинэ зууны түүх маань хууль засагласан шударга төр, иргэн таньд ээлтэй эрүүл нийгэм, хүнээ тэтгэсэн хүртээмжтэй эдийн засагтай, хүчирхэг Монголыг төвхнүүлэх шинэ эрмэлзлээр эхэлж байна.
Ардын намын Монгол, Ардчилсан намын Монгол, ХҮН намын Монгол улс гэж байхгүй ээ.
Бид Нэг эх оронтой, Нэгдмэл зорилготой, нийтлэг эрх ашигтай Нэг л Монгол. Тиймээс бидний монголчууд Эх орныхоо сэргэн мандлын төлөө эв саналаа нэгтгэх цаг боллоо.
Орчин үеийн нэгдмэл Монголын бахархал бас үнэт зүйл нь ардчилал-эрх чөлөө, эв нэгдэл-шударга ёс юм.
Ийм ч учраас Эвийн хүчээр эвлэлдсэн нэг санаа, нэг зорилготой, нэгдмэл үзэлтэй Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газартай байх нь цаг үеийн шаардлага болж байна.
Нэгдмэл нэг Монголын төлөө Нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, ардаа нэгтгэж, улсаа мандуулж чадах ардчилсан үзэлтэй, шударга зарчимтай, эв эеийг эрхэмлэсэн, амласнаа хэрэгжүүлж чадах эх оронч, шударга Ерөнхийлөгчийг ард олон хүсч байна.
Ард олныхоо энэ хүсэл эрмэлзэл, захиа даалгаврыг үндэс болгож, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн онцгой үүрэг хариуцлага, улс орны өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагыг сайтар тунгааж, 100 жилийн түүхтэй Ардаараа овоглосон Ардын нам Ухнаагийн Хүрэлсүхийг энэ сонгуульд санал нэгтэйгээр дэвшүүллээ.
Ард түмний хүсэл шалгуурт нийцсэн, төрт ёсоо дээдэлдэг, түмэн олноо боддог, төрийн ажилд шалгагдаж бэлтгэгдсэн Монгол төрийн зүтгэлтэн бол У.Хүрэлсүх мөн.
Шинэ зууны сэргэн мандлын босгон дээр ирсэн Монгол Улсын төрийг Ухнаагийн Хүрэлсүх тэргүүлэх нь энэ түүхэн цаг үе, ард олны захиалга гэж үзэж байна.
Түүний сэтгэлдээ тээсэн бодлого хөтөлбөр, итгэлдээ багтаасан зорилго, ирээдүйг зорьсон эрмэлзэл, өөртөө шингээсэн эрхэм чанарын талаар олныг өгүүлж болох боловч би хоёрхон зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
1. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь өнгөрсөн 30 жилийн сургамждаа дүгнэлт хийх, өөдлөх ирээдүйн зам мөрөө тэгшлэн засах, Монгол оронд сайн цаг, Монголын ард түмэнд сайхан амьдралыг авчрахын төлөө хийгдсэн шинэчлэл болсон юм. Энэ нэн чухал үйл хэргийг Монгол Ардын
Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхнээс нь тууштай дэмжсэн.
Ингэхдээ нэг асуудалд онцгойлон анхаарал хандуулж, монгол хүн баялагтаа эзэн байх, өгөөж нь монгол хүндээ зориулагдах зарчмыг заавал багтаах ёстой гэсэн тууштай чиг шугам баримталсан. Үүний үр дүнд Монгол хүн баялагтаа эзэн байх зарчим Үндсэн хуулиар тунхаглагдсан юм.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа энэ зарчмыг хэрэгжүүлж Монголын газар шороо, монгол хүний язгуур эрх ашгийн төлөө зүтгэн тэмцэж Салхитын, Асгатын, Ноён уулын, Хармагтайн, Гутайн давааны гээд олон орд газрыг ард түмнийхээ мэдэлд буцааж авчирсан. Байгалийн баялгийн үр өгөөжийг ард олондоо хүртээмжтэй байх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Үр өгөөжийг нь өнөөдөр ч гэсэн түрүүчээсээ бодитойгоор хүртэж эхлээд байгааг Монголын ард түмэн сайн мэдэж байгаа.
Эрдэнэсийн уурхай болсон Монгол орон хөгжих ёстой, ийм баян тансаг орны иргэд хангалуун сайхан амьдрах учиртай, эх орон, эгэл түмнийхээ тусын тулд, шударга ёсны төлөө чин шударга зарчмыг баримтлан шантралгүй зүтгэх үүрэгтэй гэсэн үзэл санаа бол У.Хүрэлсүхийн амьдралын жанжин шугам юм.
2. Ерөнхийлөгч бол дэлхийд Монгол Улсаа төлөөлдөг дээд албан тушаалтан юм. Ерөнхий сайдаар хоёр удаа үр бүтээлтэй ажиллаж, олон улсын хэмжээнд танигдсан, дэлхий дахинд Монголынхоо нэр хүндийг өргөх бат итгэл, чин зорилготой хүн бол Ухнаагийн Хүрэлсүх мөн билээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хөрш орнууд болон 3 дахь хөршүүдтэйгээ ойлголцол итгэлцлийг бэхжүүлж, харилцан ашигтай харилцаа хөгжүүлж чадсан билээ. Тухайлбал, олон жил яригдсан хийн хоолойг Монголын нутгаар дайруулах төслийг ОХУ-тай хэлэлцэн тохирч, БНХАУ-аас 500 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт татаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэх төслийг бодит ажил хэрэг болгож чадсаныг бид мэднэ.
Түүнчлэн АНУ-тай Мянганы сорилын сангийн 300 сая долларын төсөл хэрэгжүүлж, БНЭнэтхэг улстай Газрын тосны үйлдвэр барих, Япон улстай Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулах, БНСУ-тай Улаанбаатарын утааг бууруулах, Солонго 1, 2-р хороолол барих гээд Монгол орны хөгжил дэвшлийн хөшүүрэг болох олон арван томоохон төслүүдийг олон улсын итгэлцлэл хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ бүх эхэлсэн ажлыг нь дуусгахын тулд, ирээдүйн сайн сайхны төлөө, Үндэсний баялаг, нийгмийн сайн сайхан нь нийт иргэддээ хүртээмжтэй хүчирхэг Монголын төлөө Хүрэлсүхтэй БИД хүчээ нэгтгэж байна. БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА энэ сонгуульд ялалт байгуулахыг элэг нэгт монголчуудаасаа хичээнгүйлэн хүсье.
Энэ ялалт Хүрэлсүх гэдэг нэг хүний, Монгол Ардын Нам гэдэг нэг улс төрийн хүчний ялалт биш, нийт Монголын ард түмний ялалт байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Монголын төлөө цохилох зүрх, дэлсэх цөс, зүтгэх сэтгэлд чинь ард түмэн итгэж байгаа.
ЭРХЭМ ХҮНДЭТ сонгогчид оо,
Та бүхнийг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуульдаа идэвхтэй оролцож, Ухнаагийн Хүрэлсүхийн төлөө саналаа өгөхийг уриалж байна.
Төр төвшин ТОГТВОРТОЙ, түмэн олон амгалан ЖАРГАЛТАЙ байх болтугай" гэлээ.