МАХН-ын дарга Н.Энхбаяр өнөөдөр намаа татан буулгах хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгсөн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр, “Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийг үндэслэж, МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэж байгаа тухай бичгээ Улсын дээд шүүхэд гардуулсан. Улсын дээд шүүх бидний өгсөн бичгийг үндэслэж, шийдвэрээ гаргах байх. Энэ бол улс төрийн намуудад болж буй үнэхээр том үйлдэл.
Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай нэгдэж байгаа нь нь эв нэгдлийн үлгэр жишээг өөрсдөө үзүүлье гэж бодсонтой холбоотой.
Миний хувьд МАН-ын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Түүнчлэн Бага хурал, Удирдах зөвлөлд орж ажиллахгүй. Өөрийн нэрээ татаж байгаа. Мэдээж хэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Гэхдээ өнөөдөр албан тушаалаа тохирсон зүйл байхгүй. Намын албан тушаалд МАХН-д ойролцоогоор 30 орчим хувийн квот өгсөн. Жишээлбэл, МАХН-ын гишүүдээс Удирдах зөвлөлд 8, бага хуралд 110, нийслэл, аймгийн намын хорооны тэргүүлэгч гишүүнээр тус тус 6, сумын болон дүүргийн намын хорооны тэргүүлэгчээр 4 хүн очно. Улсын хэмжээнд намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2,100 орчим хүн ажиллана. Намын нэрийн тухайд МАН, МАХН гэсэн нэрийг хоёуланг нь зэрэг хэрэглэнэ гэж тохирсон” гэлээ.