Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулахын тулд “Ногоон бүс” түр журмыг нэг сар мөрдөх шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2021.5.12/ гаргалаа.
Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сарын 6-7-нд Өмнөговь аймагт ажилласан тухай танилцуулгыг сонсов.
Энэ дагуу:
- Хилийн бүсэд цар тахлын халдвар гарсантай холбогдуулан “Ногоон бүс” түр журмыг нэг сар бүрэн хэрэгжүүлж Гашуунсухайт боомтыг хэвийн ажиллуулах,
- Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын технологийн асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэн тохирч төмөр замын өртөө, шилжүүлэн ачих байгууламжийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, тэдгээрийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх,
- Тавантолгой-Зүүнбаян төмөр замын үлдэгдэл санхүүжилтийг ойрын хугацаанд үе шаттай шийдвэрлэж бүтээн байгуулалт хэвийн үргэлжлэх нөхцөл бүрдүүлэх,
- Хилийн боомтод Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч ажиллуулах саналыг судалж шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.