өдөр
шөнө
×

Г.Занданшатар: Ардчилсан нам эрх мэдлээ булаацалдсан хоёр хуваагдсан байдлаа дотроо шийд

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгөн хадгаламж, эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хууль хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Ардчилсан намын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Доороо тавих эсгийг хүртэл булааж авч байна. Ийм дарангуйлал Монголд ирсэн байна гэдгийг УИХ-ын индэр дээрээс хэлье. МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид бүхэн эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ хэлье. Албан ёсны бүртгэлтэй Ардчилсан намаас СЕХ-нд материалаа өгөх гээд шөнийн 00:00 цаг хүртэл суулаа. Ямар бяртай, дээрэлхүү болчихсон юм бэ" гэв.

Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар "Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ бол хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэг байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах бүрэн эрх нь бий. Харин энэ индэрийг буруу ашиглаж, намынхаа дотоод зөрчлийг төрийн хямрал болгож дэвэргэж болохгүй. Өлсгөлөн зарлаж, хууль дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа явдал мөн. Хуулийг өөрсдийн бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлэхийг оролдох эрх хэнд ч байхгүй. Дотоод хагарал тэмцлээ Монголын төрд нялзаах гэж, хууль зөрчихийг шаардаж, буруу мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу оруулахыг оролдож байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Ардчилсан нам эрх мэдлээ булаацалдсан хоёр хуваагдсан байдлаа дотроо шийд. Танай намын дотоод зөрчлийг бид яаж шийдэх юм бэ? Нам дээрээ асуудлаа ярьж, намаа шинэчил" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top