Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газар нь “Шенхуа” группын эзэмшиж буй ашигт малтмал олборлох эрхийг худалдаж авахаа мэдэгдсэн талаар “Sydney Morning Herald” сонин (2021.04.20) мэдээлжээ. Мэдээнд дурдсанаар, мужийн Засгийн газраас энэхүү эрхийг авахад 200 сая австрали долларыг (156 сая ам.доллар) Хятадын компанид төлөхөөр яригдаж байна.
Тэгвэл Хятадын компанийн зүгээс тухайн зөвшөөрлөө эргүүлэн Австралид өгөх болсноо (2021.04.21) мэдэгдсэн болохыг sxcoal.com сайтад мэдээлжээ. Хантер Валли сав газрын эрчим хүчний, коксжих нүүрсний “Watermark” ордыг ашиглах эрхийн тендерээр 2008 онд “Шенхуа”-д тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Энэхүү эрхийн хугацаа 2017 онд дууссан бөгөөд 200 сая австрали долларын түрээсийн татвараар 2021 оны аравдугаар сар хүртэл сунгажээ.
Нөгөөтэйгүүр, хөдөө аж ахуйн гол бүс болох энэ нутагт “Watermark” ордыг ашиглах, уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг нутгийн уугуул аборигенчууд, фермерчид болоод байгаль орчны хөдөлгөөнийхөн өнөөг хүртэл эсэргүүцсээр ирсэн юм. Үүнтэй холбоотойгоор 2017 онд Шинэ Өмнөд Уэльс мужийн Засгийн газар нь “Liverpool Plains”-ийн нутаг дахь “Шенхуа” группын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 51.4%-ийг 262 сая австрали доллараар авсан билээ.
Сүүлийн жилүүдэд Австрали, Хятад улсын худалдааны харилцаа муудаж, Австралийн нүүрсэнд Хятад импортын хориг (2020.10.15) тогтоосон юм. Мөн Хятадын “Бүс ба Зам” санаачилгад нэгдэх хэлэлцээрээс Австралийн Виктория муж татгалзахад хүрсэн. Хоёр улсын өнөөгийн худалдааны нөхцөл байдлын улмаас 1 тэрбум австрали долларын (745.9 сая ам.доллар) өртөгтэй “Watermark” ордын төслийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирна гэж шинжээчид үзэж байна.
Одоо Австралийн нүүрсний экспортын гол зах зээл Энэтхэг, Вьетнам улс болоод байгаа юм.
Эх сурвалж: www.mongolianminingjournal.com /Э.Од/