өдөр
шөнө
×

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт яллах дүгнэлт үйлджээ

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2020.04.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны эхний улиралд хийсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө. Прокурорын байгууллагаас зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны нэгдүгээр улиралд 452 077 гомдлыг хүлээн авчээ. Нийт гомдол мэдээллээс 1,7 хувьд нь хэрэг бүртгэл нээж, 1,1 хувьд нь эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажиллажээ. Энэ оны эхний улирлын байдлаар 1591 хүн, 102 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ. Нийт учирсан хохирлын хүнд учруулсан хохирлын  55,8 хувь, хуулийн этгээдэд учруулсан хохирлын 71,7 хувь, төрд учруулсан хохирлын 56,9 хувийг нөхөн төлүүлжээ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой гарч байгаа нийт 612 гомдол, мэдээллээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх 222, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 217, олон нийтийг төөрөгдүүлэх, мэдээ мэдээллийг түгээсэн тараасан 31, олныг хамарсан  арга хэмжээ зохион байгуулсан 10 зөрчил гарчээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргүүдээс дурдвал,

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй УИХ-ын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт гуравдугаар сарын 31-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтанд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-аас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top