"Монцемент Билдинг Материалс" ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиунтай ярилцлаа.
-Саяхан Хөгжлийн банкны тэргүүн сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Энэ хүрээнд олон компанийн асуудал хөндсөний дотор танай компанийн нэр бий. Эндээс ярилцлагаа эхэлье. Яг юу болоод байгаа юм бэ?
-"Монполимет" ХХК нь 2006 оноос хойш дэлхийд цемент үйлдвэрлэлийн технологиороо тэргүүлэгч Лафарж, Холцим групп, Европын Сэргээн босголт хөгжлийн банк зэрэг оролцогч талуудтай хамтран жилд нэг сая тонн өндөр чанарын цемент үйлдвэрлэх Монцемент цогц үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2015 оныг хүртэл Монгол Улсын нийт цементийн хэрэглээний 80%-ийг импортоор буюу БНХАУ-аас импортолдог байлаа. 1 тонн цементийг 120 ам.доллароор импортолдог байсан. 2015 оны ханш 1,859 хавьцаа байсан гээд тооцоход энэ ханш 230.000-240.000 төгрөгөөр бид 1 тонн цементийг импортолж авдаг байлаа.
Монгол Улсын цементийн зах зээлийн нийт хэрэглээ дунджаар 1,6-2 сая тонн байдаг. 1,6 сая тонн гээд бодоход 1 жилд 155 сая гаруй ам.долларыг гадагшаа урсгадаг байсан.
Монполимет компанийн хувьд хариуцлагатай уул уурхайгаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн гол үндэс, бат бэх хөгжлийн суурь болсон дэд бүтцийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар зорьсон. Дэд бүтэц өндөр хөгжсөн улс маш сайн хөгждөг. Зам гүүр нь сайн хөгжсөн улс сайн хөгждөг. Энэ үзэл баримтлалыг бид суурь болгон авч үзээд, Монцемент цогц үйлдвэрийн төслийг хэрэгжүүлье гэдэг шийдэлд хүрч байсан. 2015 онд Монцемент цогц үйлдвэрийг ашиглалтад өгч, 2016 оноос эхлэн бүх төрлийн цементийг Монгол Улсынхаа зах зээлд нийлүүлж, бүтээн байгуулалтад гар бие оролцож эхэлсэн. Нийслэл хотоос 550 км зайд алслагдсан орон нутагт 1000 гаруй шинэ ажлын байр бий болгож, тухайн сум орон нутгаа хөгжүүлэх, анхны интернэт, 10 гаруй жилд огт шийдэгдээгүй байсан цэвэр усны шугам хоолой зэрэг нийгмийн хариуцлагын хүрээнд маш олон бүтээн байгуулалт хийсээр ирсэн.
Өчигдөр Хөгжлийн банкны маш хариуцлагатай албан тушаалтан, удирдлагын зүгээс Монполимет ХХК, Гарамжав гишүүн зээлээ огт төлөөгүй 65 сая ам.долларын өртэй гэж ярьж байна. Энэ бол манай зээлийн төлөлтийг судлаагүй, мэдээлэлгүй байна уу гэж бид харж байна. Тухайн үеийн ханшаар тооцвол 126,6 тэрбум төгрөг авснаас өнөөдрийн байдлаар 118 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкинд төлчихсөн. Мөн ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал 27 тэрбум төгрөгийг төлсөн.
Анх Хөгжлийн банк, Монгол Улсын Засгийн газар 2014 оны тавдугаар сарын 26-ны өдөр 164-р тогтоол дээр Монцемент төсөлд 65 сая ам.доллартай тэнцэх төгрөгийг олгоно гээд тогтоосон. Гэвч яг бодит байдал дээрээ Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага доллараар зээл олгосон. Бидний хувьд Олон улсын банк санхүүгийн байгууллагатай гэрээ хийчихсэн байсан. Дээр нь төсөлд оролцож байгаа мянга мянган залуучууд байсан. Оролцогч маш олон тал байсан учир оролцогч талуудын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаад, цаг хугацаанд нь төслөө хэрэгжүүлье, бүтээн байгуулалтаа шургуу явуулья гэдэг үүднээс энэ зээлийг бид нар авахаас өөр аргагүй байдалд хүрч энэхүү зээлийг авч байсан.
-Зөрчилтэй, эсвэл найдвартай зээл рүү шилжих гэж байна гэсэн асуудлын тухай мэдээлэл өгөөч?
-Өнөөдрийн байдлаар бид 33 сая ам.долларыг буюу тухайн үеийн ханшаар 118 тэрбум төгрөгийг төлчихсөн байгаа. Үлдэгдэл яригдаад байгаа 30 сая доллар бол ханшийн зөрүү юм. 2012-2016 оны хооронд Төвбанк төгрөгийн ханшийг тогтвортой барих үүргээ биелүүлж чадаагүйн улмаас валютын нөөц эрс багассан учраас бэлэн мөнгийг хэвлэх зэрэг алдаатай бодлогууд явагдсан. Үүнээс болоод 2012 онд доллар 1,396 төгрөг байсан ханш 2016 онд 2,450 төгрөг хүрээд өнөөдөр 2,849 төгрөгт хүрсэн байна. Ердөө найман жилийн дотор 104%-иар өссөн байгаа юм. Энэ нь үйлдвэрлэгч бид нараас огт шалтгаалаагүй байтал ханшийн эрсдлийг яагаад бид нар үүрэх ёстой юм бэ? Бидний алдаатай бодлого, үйл ажиллагааны алдаа биш шүү дээ. Энэ нь цэвэр төв банк өөрөө төгрөгийн ханшийг тогтвортой барих ёстой бодлогоо мөн үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс болсон зүйл. Яагаад үйлдвэрлэгч бид нар энэ ханшийн эрсдлийг дангаараа үүрэх ёстой вэ? гэсэн асуудлыг хөндөж, Хөгжлийн банкинд шаардлага тавьж байгаа.
-Анх зээлийг олгохдоо доллар гээд тавьчихсан байхад та бүхэн буцаад хандах боломж байсан болов уу? Төв банк тухайн үедээ эсвэл дур мэдэн шийдвэр гаргасан уу?
-Тухайн үедээ бид бүхнийг ам.доллароор зээлээ ав гэсэн шахалт үзүүлсэн гэсэн үг. Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн дунд иенээр авсан компани ч байгаа. Бид нарын хувьд 2017 оноос хойш засгийн газрын тогтоол төгрөгөөр зээлийг олгох байсан, тус тогтоолыг эргэж харах, валютын ханш савлаж байгаа тул арга хэмжээ авах талаар хүсэлтүүдийг удаа дараа хүргүүлсэн. Стратегийн ач холбогдолтой, нийгэмдээ урт хугацаанд үр өгөөжөө өгөх төслийг санхүүжүүлсэн бол энэ төслөө бойжуулаад эрсдлээс хамгаалаад бид нарт ямар нэгэн боломжийг олгох ёстой гэж үзэж байна. Тэр боломжийг өнөөдрийг хүртэл олж харж чадахгүй байна. Бидний хувьд сүүлийн 2,3 жилийн турш Хөгжлийн банкинд удаа дараа санал хүргүүлж байна. Үүнд:
Засгийн газрын тогтоолоо эргэж харна уу;
Олон улсад ялангуяа цар тахлын үед маш олон банк, санхүүгийн байгууллага зээлийн дахин бүтэцчлэлийн арга хэмжээ (restructuring) авч байна. Тэгэхдээ тухайн зээлдэгчийн бодит санхүүгийн чадавхийг хараад урт хугацаатай дахин бүтэцчилье гэж санал санаачилга гаргаж байна. Дэлхий нийтээрээ цар тахлын хэцүү нөхцөлд байна. Гэтэл манай улсын Хөгжлийн банкны хувьд торгоно, алданги тооцно, нэмэгдүүлсэн хүү тооцно гэсэн бичгийг бидэнд явуулдаг. Ердөөсөө хариу санал нь энэ юм.
-Та бүхэн авсан зээлээрээ яг ямар бүтээн байгуулалт хийсэн байгаа вэ? Олон нийтэд мэдээлэл өгөөч?
-Монцемент цогц үйлдвэрийн төсөлд Монполимет ХХК-ийн 1000 гаруй залуучууд энэ үйлдвэрийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтанд оролцсон. 2015 онд Дорноговь аймгийн Өргөн сум буюу Нийслэл хотоос 550 км зайд орших орон нутагт 1 цагт 1,850 тонн килинкер үйлдвэрлэх цемент болон клинкерийн шугам байгуулсан, энэ нь жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн Монгол улсдаа анх удаа хаягдал халуун хийгээр 5000кВ хүртэлх эрчим хүч үйлдвэрлэх WHR систем нэвтрүүлсэн. Улаанбаатар хот дахь Монцемент үйлдвэр гээд энэ 3 цогц хэсгээс манай үйлдвэр бүтдэг.
Монполимет компанийн хувьд байгаль орчныг нөхөн сэргээх, уул уурхайд жишиг байгаль орчныг яаж нөхөн сэргээх гэдэг стандартыг өөрсдөө тогтоочихсон, байгаль орчиндоо ээлтэй технологийг хэрэгжүүлэхийг нэн тэргүүнд тавьдаг компани. Манай хөрөнгө оруулагч Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас мөн адил байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх шаардлагыг анхнаасаа тавьж байсан. Бид шаардлагын дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж, WHR технологийг нэвтрүүлсэн. WHR систем маань Монгол Улсад нэг, Европын холбооны улсад нийтдээ 4 байдаг технологи юм. Энэ төслүүдийг амжилттай хэрэгжүүлснийг үнэлж Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас 2017 онд “Тогтвортой хөгжлийн шагнал”-аар 200 гаруй олон улсын төслүүдээс шалгаруулж байсан.
Зээлийн 65 сая ам.доллар тухайн үеийн ханшаар 126,6 тэрбум энэ зээлийн зарцуулалт, төлөлт энэ бүгдийг Хөгжлийн банк мөн олон нийтэд ил тод байлгасаар ирсэн. Хөгжлийн банкны зүгээс мөн адил тогтмол зээлийн зарцуулалт шалгах, аудит оруулах энэ бүх ажлыг хийсээр ирсэн. Ямар ч зөрчил яригдаж байгаагүй. Дээр нь үе үеийн хөгжлийн банкин дээр гардаг ажлын хэсгүүд болох засгийн газар, УИХ-аас томилогдсон ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үзэх юм бол “Хамгийн зөв санхүүгийн бүтэцтэй, моделтой төсөл бол Монцемент байна, энэхүү төслийн эргэн төлөлт нь хамгийн шилдгээр явж байна” гэж дүгнэсэн байдаг.
-Амжилттай ажлын байр бий болгоод татвар төлөөд явж буй компанийн хувьд ийм асуудал гараад байна. Энэ асуудлыг яаж шийдвэл зохих вэ? Та бүхний харж буй гарц нь юу вэ?
-Бидний тавьж буй асуудал бол ханшийн эрсдэлийг яагаад үйлдвэрлэгч компани дангаараа хүлээх ёстой вэ?, Олон улсад, жишээлбэл Солонгос, Герман улсын хувьд Хөгжлийн банкууд нь урт хугацаанд нийгэмдээ үр өгөөжөө өгөх стратегийн ач холбогдолтой төслүүддээ хөнгөлөлттэй зээлийг олгоод тэрхүү төслөө өсөж бойжиход бодлогоор дэмжээд явдаг юм билээ. Тэгэхэд манай улсын Хөгжлийн банк бол үнэнийг хэлэхэд арилжааны банкнаас ялгарах зүйлгүй. Хөгжлийг дэмждэг бодлогын банк биш ханшийн зөрүүнээс ашгаа олдог ийм банк байж болдог юм уу? гэж асуумаар байна. Яагаад амжилтгүй хэрэгжсэн төслүүдийг ярихгүй байж нүдэнд харагдахуйц бодитоор сүндэрлэчихсэн байгаа төсөл рүү дайраад байгаа юм бэ?, яагаад ширээний хоёр талд суугаад хэлэлцээр хийж болохгүй байгаа юм бэ?. Бид сүүлийн хоёр жилийн хугацаанд 10, 20 удаагийн уулзалт, маш олон хүсэлт, мөн судалгаанууд өгсөн. Шаардагдсан бүх бичиг баримт, санхүүгийн тайланг журмын дагуу өгөөд явж байгаа. Зээлийн үлдэгдэл 30 сая бол ханшийн зөрүүнээс болж үүсч буй тоо.
ОХУ-д Европын холбоо эдийн засгийн хориг тавигдах үед рублийн ханш дотооддоо нилээдгүй савласан гэж ярьдаг юм билээ. Тухайн үед засгийн газар нь энэ ханшийн савлагаа бол улс төрчид бид нарын буруу. Та нар зээлээ төлөхдөө тухайн үеийн ханшаар төл, үүсч буй эрсдлийг төр хариуцъя гэдэг бодлогыг хүртэл хэрэгжүүлж байсан. Бид нарын хувьд өнөөдрийн нөхцөл байдал аж ахуйн нэгжүүд рүүгээ та нар энэ ханшийн эрсдлийг үүр гээд буй асуудал шударга зүйл мөн үү л гэдэг асуудлыг бид нар хөндмөөр байна.
-Хөгжлийн банк маань Хөгжлийн банк болох гээд байна уу? Эсвэл эсрэгээрээ болох гээд байна уу?
-Нэр нь бол Хөгжлийн банк. Манай улсын Хөгжлийн банк Солонгос улсын загварыг авсан юм билээ. Солонгос улсаас 2 жилийн хугацаанд мэргэжилтнүүд 2 жилийн турш өөрсдийн дадлага туршлагаа хуваалцаж, зүгшрүүлж өгч байсан юм билээ. Байгуулагдсан зорилго стратегийн ач холбогдолтой, урт хугацаандаа үр өгөөжөө өгөх томоохон төсөлд хөрөнгө оруулна гэсэн байдаг. Энэ чиглэлээр хөрөнгө оруулсан хоёр төслийн нэг нь манай Монцемент төсөл.
-Тухайн үед чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүд яалт ч үгүй Монгол Улсад хэрэгтэй, үр өгөөжтэй төсөл байна гэж дүгнэж байсан шүү дээ?
-Яагаад ганцхан Монцемент төсөл рүү дайраад байгаа шалтгааныг бид мэдэхгүй байна. Энэ асуудал дээр Хөгжлийн банк залруулга хийгээсэй гэж хүсэж байна. Хөгжлийн банкны хувьд зээлээ сайн судлах хэрэгтэй, 65 сая ам.доллар огт төлөөгүй гэж маш өндөр хариуцлагатай албан тушаалтай хүн зээл төлөөгүй гээд ярьж болохгүй гэж бид нарын зүгээс харж байна. Энэ тайлбар дээр маш их харамсаж байна.
Монцемент брэндээр овоглож байгаа мянга мянган залуучууд байгаа. Төслийг анх санаачилсан 20-30 жил хөдөлмөрлөсөн үе үеийн удирдлага, баг маань байгаа. Энэ хүмүүсийн хийж бүтээж байгааг үгүйсгэж болохгүй. Бид ажилдаа хайртай дуртай, Монгол Улсын бүтээн байгуулалтанд гар бие оролцож, зүтгэж буй маш олон инженер техникийн ажилтан бий. Эдгээр хүмүүсийн маань хөдөлмөрийг үгүйсгээд, ийм буруу мэдээлэл олон нийтэд өгч болохгүй. Энэ асуудлыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.
-Цаашид Хөгжлийн банктай хэрхэн харилцах вэ? Зээлийн асуудлаар дотоод валютд хөрвүүлэх болон хүүгийн зөрүү шийдвэрлэх тал дээр та бүхний тавьж буй санал, байр суурь?
-Засгийн газрын тогтоолоо эргэж хараач ээ, Хоёр талаасаа харилцан зөвшилцөөөд нэг шийдэлд хүрье гэхээр төгрөгийн хүү дээр өндөр хүү өгчихнө 13%, өнөөдөр Төв банкны зүгээс бодлогын хүүгээ 6% болгочихсон байна. Бодлогын хүүнээс 2 дахин өндөр хувь гэж ямар хүү байх вэ? Яг одоо валют дээрхи хүү нь 7,85% буюу төгрөг дээр бодитоор хэрэгжиж байгаа нь 17% буюу маш өндөр хүү! Харин бусад төсөлд олгож буй зээлийн хүү нь 3%. Хөдөө аж ахуй болон ноос ноолуурын салбаруудад ийм хөнгөлөлттэй зээлийг олгоод явж байдаг. Салбаруудаа дэмжиж байгаа нь зөв, гэхдээ салбарын ялгавартай байдлыг гаргаж болохгүй байх. Бидэнд санал болгодог нөхцөл нь арилжааны банкнуудтай адилхан. Өнөөдөр богино хугацаат зээлийн хүү 12-16%-тай, бодлогын хүү 6% болсонтой холбогдуулаад өшөө ч бууж байгаа. Энэ асуудлыг эргэж хараач ээ, ханшийн эрсдлийг хоёр тал нийцтэй нэг шийдэлд хүрэх хэрэгтэй байна гэсэн ийм л нөхцлийг бид тавьж байна.
-Ханшийн өөрчлөлт дээр ямар хувилбар байвал та бүхэнд эрсдэл багатай санагдаж байна вэ? Дүр зургийн тооцоолол ямар байгаа вэ?
-Олон янзаар тооцож бид хувилбаруудаа Хөгжлийн банканд хүргүүлж үзсэн, санал болгосон. Одоог хүртэл өнөөдрийн ханшаар хөрвүүлнэ гэдэг. Өнөөдрийн ханшаар хөрвүүлвэл ялгаагүй л эрсдлээ дангаар үүрнэ гэсэн үг.
-Одоо үйлдвэрийн хүчин чадал ямар хэмжээнд явагдаж байна? 1000 орчим ажлын байр бий болгосон, орон нутагт тодорхой ажлуудыг гүйцэтгэж байгаа юм байна. Гэхдээ ковидын асуудал ялангуяа хүнд үйлдвэрүүдийг шалгаж байх шиг?
-Манай салбарын хувьд хамгийн чухал зүйл бол эрчим хүчний тогтвортой байдал байдаг. Энэ тогтвортой байдал маш олон удаа алдагдсан. Үүнээс болоод 1800 градуст эргэдэг зуух доголдох асуудлууд гардаг. Энэ бол цэвэр эрчим хүчний доголдлоос болдог. Энэ жил бид яамдуудтай илүү уялдаа холбоотой нягт ажиллах зорилгоор Барилга Хот, Байгуулалтын Яамнаас ажлын хэсэг байгуулаад энэ хүндрэлүүдийг давахыг хичээж хамтарч ажиллаж байгаа. Дээр нь 1000 гаруй ажлын байр шинээр бий болгосон. Монгол хүн МУ-даа эх орондоо хийж бүтээж чаддаг гэдгийг манай хамт олон харуулж байгаа учир миний хувьд ажил мэргэжлээрээ бахархдаг. Цар тахлын үед бид нэг ч ажлын байр цомхотгоогүй, цалингаа цагт нь тавихын тулд бид бүхэн зогсох эрхгүй ажиллаж байна.
Мөн үйл ажиллагаанд нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг бол түүхий эдийн үнийн өсөлт. Валютын ханшийн өсөлтийг дагаж түүхий эдийн үнэ өмнөх онуудтай харьцуулахад 2 дахин өндөр болсон байна. Үйл ажиллагааны зардалд болон үйл ажиллагааны тогтвортой байдалд маш их нөлөөлж байгаа ч гэсэн өөрсдөөс шалтгаалах авч болох бүхий л арга хэмжээг авч тасралтгүй тогтвортой ажиллаж байна.
-Өнөөдрийн хувьд цементийн хэрэглээ ямар байгаа вэ? Та бүхний зүгээс цементийн хэрэглээний хэдэн хувийг хангадаг вэ?
-Өнгөрсөн жилийн хувьд нийт зах зээлийн дээд хэрэглээ бол 1,8 сая байсан. 1,6-1,8 сая дээр хэлбэлздэг. Манай зах зээл дээр бол дотоодын үйлдвэрлэгч 3 бий (Макцемент, Хөтлийн үйлдвэр, Шохойн үйлдвэр, Монцемент). Хятад улсын төрийн өмчит 1 үйлдвэр манай улсад Төв аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. Манай үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд зах зээлээ эн тэнуүү хуваагаад, энгийн түгээмэл хэрэглээний цементийн хувьд манай үйлдвэр 40%-ийг хангадаг.
-Чанар үнэ хоёр бол мэдээж өрсөлдөх байх. Эрүүл өрсөлдөөн байхад хэрэглэгчид хожих гээд байдаг талтай. Чанар гэхээр та бүхэн дэлхийд 3, 4 байдаг технологийг хэрэглэж байгаа гэсэн үг үү?
-Монцемент үйлдвэрийн хувьд 2019 оноос хойш ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог үйлдвэрлэлийн бүх шат дамжлагын хүрээнд хэрэгжүүлээд өнгөрсөн жил баталгаажуулалтаа авсан. Энэ нь чанарыг улам баталгаажуулж, Монцемент брэндийн чанар тогтвортой гэдгийг баталж буй үйл явц. Мөн дижитал шилжилт явж буй өнөө үед бид захиалгын онлайн систем буюу sales app нэвтрүүлж, 2021 оноос эхлэн бүх захиалгаа онлайнаар авч, энэ нь салбартаа анхдагч болсон.
-Ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад үнийн хувьд хэр өрсөлдөхүйц вэ?
-2016 оноос хойш хэдий түүхий эдийн үнэ 2 дахин өсч, түлш, эрчим хүчний тариф 50-75 хувь өссөн ч инфляцид суурилсан тогтвортой үнийн бодлогыг бид барьсаар ирсэн.