өдөр
шөнө
×

Д.Буянбат: Шуудхан хэлэхэд Петровисийн шатахуун хуурамч байх ямар ч боломжгүй. Чанаргүй шатахууны асуудлыг лабораторигүй, өөр бүтээгдэхүүн импортолдог нөхдөөс асуух хэрэгтэй

Хэрэглэгчдийн дунд чанаргүй, хуурамч шатахуун гэх асуудал эргэлзээ үүсгээд буй. Энэ талаар  “Петровис” ХХК-ийн Чанартехнологийн ахлах менежер Д.Буянбатаас тодруулга авсанаа хүргэе.


– Шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ноос хуурамч шатахуунтай холбоотой мэдээлэл хийхдээ, танай компанийн нэрийг дурдсан. Үүн дээр “Петровис” компанийн зүгээс ямар тайлбар өгөх вэ ?

– Хэрэглэгчдэдээ ингэж буруу ойлголт өгч болохгүй л дээ. Хэрэглэгч ямар нэгэн гомдол гаргавал асуудлыг бид хурдан шуурхай шийдэхийг зорьдог. Энэ ч үүднээс хэрэглэгдэд өгсөн буруу ойлголтод хариулт өгөх ёстой. Та бүхнийг мэдээлэл авах гээд ирэхэд “тийм зүйл байхгүй, мэдэхгүй, мэдээлэл өгөх боломжгүй” гээд суух нь хэрэглэгчдэдээ хүндлэхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр таны асуултанд тодорхой тайлбаруудыг өгье. Хуурамч гэхээс илүүтэй тухайн бүтээгдэхүүн чанартай, чанаргүй гэсэн асуудал яригдана. Стандартын шаардлагаар автобензин болоод дизель түлшин дээр дунджаар 15-17 чанарын үзүүлэлтийг тодорхойлж байж чанарын дүгнэлт гаргадаг. Үүнээс нэг үзүүлэлт л зөрүүтэй гарвал чанаргүй бүтэгдэхүүн гэсэн ангилал руу орно. Гадаад татан авалтаар нийлүүлэгдэж байгаа газрын тосны бүтээгдэхүүн бүрээс  тухай бүр нь дээж авч, шинжилгээ хийгээд стандартад нийцэж байгаа тохиолдолд агуулахын саванд буулгах команд өгөгддөг. Газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх үеийн, хяналтын  гэхчлэн  чанарын хяналтын олон шат дараалал дамжиж хэрэглэгчдийн гар дээр хүрдэг байгаа.

Манай компани ОХУын “Роснефть” компаниас Евро стандартын шаардлагыг хангасан чанарын баталгаатай бүтээгдэхүүнүүдийг импортлон оруулж ирдэг. 1941 оноос хойш гадаад худалдааны түүхэн туршлагадаа тулгуурлан 80 гаруй нэр төрлийн шатахуун, тос тосолгооны материалыг  хэрэглэгчдэдээ хүргэсээр ирсэн. Шуудхан хэлэхэд хуурамч байх ямарч боломжгүй.

– Мөн өөрийгөө автын инженер гэж танилцуулсан тухайн хэрэглэгч шатахуун аваад машинд нь эвдрэл үүссэн талаар ярьсан. Мэдээлэл хийхээсээ өмнө танайхтай холбогдсон уу?

-Иргэн Г.Хонгор 2021 оны 02 сарын 24-ний өдөр манай компанид хуурамч шатахууны асуудлаар гомдол гаргахад бид хүлээн авч уулзаад санал гомдлыг нь анхааралтай сонссон. Түүнд “Петровис” компанийн борлуулж буй шатахууны чанарыг баталгаажуулсан баримтуудыг гарган өгч шатахууны чанарт асуудал байхгүй болохыг нотолсон. Үүний дараа баримт нотолгоогүй худал мэдээлэл олон нийтэд өгч, компанийн нэр хүндэд халдсанд харамсаж байна. Иргэн Г.Хонгорын гомдол гаргасны дараа манайх тухайн бүтээгдэхүүнээс дээж авч, үнэхээр шатахууны буруугаас машинд нь эвдрэл гарсан уу үгүй юу гэдгийг шалгасан. Стандартад нийцсэн шатахуун оруулж ирж байгаа учир шатахуунаас болж ямар нэгэн эвдрэл гарна гэсэн ойлголт байхгүй.

-“Найрка” буюу хольц гэж яригдаад байгаа.Үнэхээр тийм хольц явагдах боломж бий юу?

-Манай компани нийлүүлэгчээс чанарын баталгаатай шинжилгээний бичигтэй бүтээгдэхүүн оруулж ирдэг болохоор хуурамч буюу чанаргүй гэсэн ойлголт байхгүй.  Манайх мөн өөрсдөө итгэмжлэгдсэн лабораторитой учир эндээ давхар шинжилгээ хийдэг. Нийлүүлэгчийн илгээсэн чанарын шинжилгээний дүгнэлттэй манай лабораторид хийсэн шинжилгээний үр дүнг тулган шалгаж, Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын шаардлагыг хангасан тохиолдолд бид агуулахын савандаа буулгана. Савнаасаа ачихдаа мөн графикын дагуу байнгын чанарын хяналтан дор ачуулдаг.

-Мөн гадны ямар нэгэн хүчин зүйлс шатахууны чанарт нөлөөлөхөөс  сэргийлж Улаанбаатар хот  болон орон нутгийн ШТС-уудаас сар болгон хяналтын дээж авч шинжилгээ хийдэг. Спиртэн болон янз бүрийн найрлагатай гээд байгаа бүтээгдэхүүний тал дээр дотоод үйлдвэрийн бүтээгдэхүүний асуудал яригдана. Тэд  магадгүй өөрсдөө завсрын бүтээгдэхүүнүүд оруулж ирэн түүнийгээ үйлдвэрлээд гаргаж байхыг үгүйсгэхгүй. Бидний үндсэн үүрэг чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хүлээж авч чанарын ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалан  нэг ч үзүүлэлтийн зөрүүгүйгээр хэрэглэгчдэдээ хүргэдэг. Тэгэхээр таны хэлсэнчлэн “найрка” гэх ямар ч хольц орох боломжгүй. Хэрэглэгчид маань бас газрын тосны бүтээгдэхүүний технологийн нарийн дараалал,  чанарын үзүүлэлт дээр ойлголт бага байж магадгүй. “Петровис” компани аль болох Монголынхоо хэрэглэгчдэдээ чанарыг түгээхийг зорьж ажилладаг.

-Та сая магадгүй дотооддоо өөр ямар нэг компаниуд будилаан гаргадаг байж болзошгүй гэж хэллээ. Өөр төрлийн хольцтой шатахуун байдаг гэж ойлгож болох уу?

-Өөр бүтээгдэхүүн буюу дундын бүтээгдэхүүн оруулж ирдэг компаниуд бий. Манай компанийн хувьд импортлогч компани. Тэгэхээр нэг ёсондоо манайх товарын бүтээгдэхүүн импортлодог. Товарын бүтээгдэхүүн гэдэг маань хэрэглэгчдэд очиход бэлэн болсон эцсийн бүтээгдэхүүн гэсэн үг.

-Нафта, Керосин болон спирт, усны хольцтой шатахуун гэж яриад байгаа?

-Бензин устай энгийн нөхцөлд холилдох ямар ч боломж байхгүй. Устай холивол дор нь тунана. Өвөл хөлдөнө. Хэрэв устай шатахуун гэж иргэдэд буруу мэдээлэл өгч, тайлбарлаж байгаа бол тухайн мэдээлэл түгээж байгаа тал мэргэжлийн бус хүмүүс байна гэсэн үг. Мэргэжлийн хүмүүсийн хувьд ус, түлш холилдох ямар ч боломгүй гэдгийг мэднэ. Уг нь хаанаас ямар компани дээр ямар бүтээгдэхүүнүүд орж ирж байна гэдэг нь гааль дээр гараад ирдэг. “Петровис” компани  дээр ч тийм зүйл байна уу үгүй юу гэдэг нь ч гараад ирнэ.

-Ууршилтын  асуудал мөн яригдаж байсан. Энэ тал дээр тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Ууршилт гэдэг нь түрүүнд миний хэлсэн үзүүлэлтүүдийн нэг. Газрын тосны бүтээгдэххүн нь хүний үйл ажиллагаанаас хамаарахгүйгээр ууршиж байдаг. Энэхүү ууршилтын хэвийн хорогдлын нормыг  Засгийн газрын 467-р дугаар тогтоол дээр зааж өгсөн байдаг. Ямар улиралд ямар бүтээгдэхүүнийг  ил саванд  уу, далд  саванд уу,  хэдий хэмжээний бүтээгдэхүүн хүлээж авсан, хадгалсан, түгээсэн зэрэг олон үзүүлэлтээс шалтгаалж тийм хугацаанд төдий хэмжээний шатахуун  ууршина гэдгийг нормчлоод заагаад өгчихсөн  гэсэн үг. Шатахууныг литрээр тооцож борлуулдаг ч стандарт технологийн заавар дүрмээрээ бол килограммаар тооцдог. Тэгэхээр бид нэг литрийг килограмм руу шилжүүлэхээр хувийн жин  гэсэн ойлголт гарч ирнэ. Жишээ нь Аи-80 бензин яг тийм байна гэсэн тогтсон хувийн жин байхгүй стандартаар дээд доод хязгаарыг зааж өгсөн байдаг. Түүхий эд, үйлдвэрийн технологиосоо шалтгаалж янз бүрийн хувийн жинтэй ирнэ.Хэрвээ 0,700 гэсэн хувийн жинтэй байхад  нэг литрийг 0,700-гаар үржүүлэхэд 700 грамм болно. Гэтэл дахиад өөр ирсэн бүтээгдэхүүн 0,720 гэсэн хувийн жинтэй байвал  720 грамм болно гэх мэт. Тэгэхээр тухайн бүтээгдэхүний хувийн жингээс шалтгаалж хүнд нь өөр өөр байх ба харин эзэлхүүн нь орчны хэмээс шалтгаалж хэлбэлзэж байдаг.

 Өөрсдөө давхар лабораторид үзүүлэлт, шинжилгээ хийдэг гэлээ. Лаборатори салбар ШТС-ууддаа нэг бүрчлэн хүрч ажиллаж чаддаг уу ?

-Улаанбаатар хотоос гадна орон нутагт найман лаборатори бий. Үндсэн үзүүлэлтийн чанарыг тодорхойлох багаж тоног төхөөрөмж гэхэд хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүд оруулж ирсэн байгаа. Чанарын шинжилгээний зориулалттай багаж тоног төхөөрөмжийг шинээр авах, шинэчлэх тал дээр манай компани жил бүр хөрөнгө оруулалт хийдэг.

-ШТС-уудын агуулахын цэвэрлэгээ маш муу талаар мөн яригдаж байсан.  Цэвэрлэгээ хийгддэг үү. Хийдэг бол ямар давтамжтай хийгддэг вэ ?

-Мэдээлэл хийж байгаа газраас хэрэглэгчдэд ингэж буруу ойлголт өгч болохгүй ээ. Манай инженер техникийн алба гэж байгаа. Тэнд газрын тосны бүтээгдэхүүний савыг цэвэрлэх  хуваарийг жилээр нь гаргаад түүнийхээ дагуу цэвэрлэгээгээ хийдэг. Евро стандартын бүтээгдэхүүн хадгалж байгаа савыг  жилд нэг удаа, бусад савыг хоёр жилд нэг удаа, таван жилд нэг удаа гэхчлэн дүрэм, журам стандартын дагуу цэвэрлэгддэг. Цэвэрлэхэдээ хэдий хэмжээний шатахуун орж гарсанаас шалтгаалж тийм хэмжээний бохирдол үүсэх магадлалтай гэдгийг тооцоолоод гаргаж болдог.  2020 онд ойролцоогоор  260 гаруй савыг графикийн дагуу цэвэрлэсэн. Тогтмол цэвэрлээд байхаар саванд үүсэн бохирдол маш бага байдаг. Зөвхөн савыг цэвэрлэхээс гадна металл оношлогоогоор тухайн саванд ямар нэгэн цооролт нүхжилт байгаа эсэх, насжилт,  цаашад ашиглах боломжит хугацаа  зэргийг  бүрэн тодоройлж хяналтыг тавьж ажилладаг.

-Тэгэхээр танай бүтээгдэхүүнд бусдын мэдээллээд байгаа шиг хуурамч, чанаргүй гэх ямар ч асуудал байхүй гэж ойлгож болох уу?

-Петровис компани бүтээгдэхүүний чанарын хяналтын үйл ажиллагаагаа бараг 100 давсан биелүүлтэй хийдэг  гэхэд болно. Мөн  нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүнүүд нь үйлдвэрийн болоод олон улсын Эс Жи Эс /SGS/ лабораториор чанар нь баталгаажсан байдаг. Өөрөөр хэлбэл Стандартын байгууллагаар энэ бүтээгдэхүүн нь чанар, шаардлага хангаж байна гэсэн тамга тэмдэг, гэрчилгээтэйгээ ирдэг гэсэн үг. Бид чанарын  шинжилгээ хийгээд  цаанаас ирсэн чанар болон үзүүлэлтээс зөрж байна уу, үгүй юу гэдгээ тулган шалгадаг.  Хэрвээ зөрсөн тохиолдолд хүлээн авахгүй байх журамтай. Гэхдээ гаднаас ирж байгаа “Роснефть” компанийн бүтээгдэхүүн нь  олон улсын чанарын баталгаажуулалтаар баталгаажаад ирдэг учир үзүүлэлт зөрөх, чанарын шаардлага хангахгүй байх зэрэг  ямар ч зөрчил гардаггүй. Бүтээгдэхүүн нийлүүлэгдэх үед  тохиолдолд Гаалийн байгууллагаас хяалтын журмаар  дээж авдаг шинжилгээнд хамруулдаг. Дээжний хариу гартал бид буулгадаггүй. Гааль хянаж, шалгаж үзээд чанарын шаардлага хангаж байна гэж үзсэний эцэст бид агуулахдаа хүлээж авч ШТС-аараа түгээн борлуулдаг. Та бүхэн манай Лаборатори, бусад холбогдох гэрчилгээ, сертификаттай танилцаж болно.

 

      

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top