өдөр
шөнө
×

"ХХОАТ-ын тайланг сунгасан хугацаанд ирүүлэх шаардлагатай"

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар анх удаа орон сууц худалдан авсан иргэн болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэн хөнгөлөлт эдэлдэг. Хуулийн дагуу хөнгөлөлт эдлэх иргэдийн материалыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс цахимаар авч эхэлсэн. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын Улсын Ахлах байцаагч Я.Батжаргалаас тодрууллаа.


Орон сууц шинээр худалдан авсан, оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд төлбөрийн хөнгөлөлт эдэлж, татварын буцаан олголт авах эрхтэй байдаг. Буцаан олголт авах иргэд хүсэлтээ 2021 оны хоёрдугаар сарын 15-ны дотор Татварын албанд өгөх учиртай. Энэ хугацааг ирэх Баасан гариг буюу хоёрдугаар сарын 26-ний өдөр болгон сунгасан шалтгаан нь юу вэ?

-ХХОАТ-ын хуульд зааснаар  татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болдог. Иймд  орон сууц анх удаа шинээр худалдан авсан болон орон сууц барьж байгуулсан, мөн их, дээд сургуульд суралцагчийн бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын төлбөр төлсөнтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох татварын хөнгөлөлт эдлэхийн тулд хувь хүний орлогын албан татварын тайланг гаргадаг. 

Цар тахлын улмаас удаа дараагийн хол хорио тогтоосонтой холбоотойгоор ХХОАТ-ын  тайлангийн хугацааг сунгасан. Дээр хэлсэнчлэн татварын тайлан гаргасанаар татварын хөнгөлөлт эдлэх тул мөн энэ хугацаанд багтаан тайлангаа өгч татварын хөнгөлөлт эдэлнэ. 

-Хоёрдугаар сарын 15-ны байдлаар татварын хөнгөлөлт эдлэхээр хичнээн иргэн хүсэлтээ ирүүлэв?

-ХХОАТ-ын хуульд зааснаар есөн төрлийн орлогын чөлөөлөлт, арван төрлийн албан татварын хөнгөлөлт эдэлнэ. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХХОАТ-ын тайланг 110 мянган мянган иргэн ирүүлснээс 32  мянган иргэн орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр тайлангаа ирүүлсэн байна. 2020 оноос өмнөх мөрдөж байсан Хувь хүний орлогын албан татварын хуулийн хүрээнд татвар ногдох орлогын чөлөөлөлт буюу 30 сая төгрөгөөс дээшгүй орлого чөлөөлж түүнд ногдох татвар 3 саяас дээшгүй татварын хөнгөлөлтийг буцаан авдаг байсан. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж байгаа Хувь хүний орлогын албан татварын хуулиар 6 сая хүртэл төгрөгийн татварын хөнгөлөлт буюу 6 сая хүртэл татварыг буцаан олгохоор заасан. Өөрөөр хэлбэл, өмнөх хуулиар татвар ногдох орлогын чөлөөлөлт эдэлдэг байсан бол 2020 оноос татварын хөнгөлөлт  эдэлдэг болсон.

Цар тахалтай холбоотойгоор Татварын байгууллагууд энэхүү хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлдэг материалыг энэ жил etax.mta.mn цахим хуудсаар хүлээн авч буй. Иргэдийн зүгээс өмнө нь бичиг баримтаа дутуу бүрдүүлэх зэрэг алдаа гаргадаг байсан бол цахим бүртгэл нь иргэдийн цагийг хэмнэж байгаа байх. Нөгөөтэйгүүр ямар давуу тал ажиглагдаж байна вэ?

-Татварын алба нь татварын үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох ажлын хүрээнд татварын тайлан тушаах, хүлээн авах ажлыг бүрэн цахимжуулж хувь хүний татварын тайлан, хөнгөлөлтийн  баримт бичгийн цахим татварын систем /etax.mta.mn/-ээр дамжуулан илгээх ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

Иргэн нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлтт эдлэхийн тулд 8-10 төрлийн материалыг цаасаар цуглуулан татварын албанд биеэр ирж байсан бол одоо зөвхөн цахим татварын системээр дамжуулан холбогдох материалыг татварын албаны мэдээллийн сангаас бүртгэх, баримт материалыг  хавсарган илгээх бүрэн боломжтой болсон.

Энэ нь иргэдийн цагийг хэмнэж, цаас бичиг хэргийн зардал ч хэмнэгдэж байгаа. 2021 оны хувьд шинээр батлагдан мөрдөгдсөн хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу тайлан хүлээн авах, татвар төлөгч иргэн бүрэн цахимжсан тайлан илгээн анхны жил гэдгээрээ онцлог болж байна.   

Жилийн найман хувийн хүүтэй зээл авсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юу?

-Татвар төлөгч нь анхны амьдрах суух зориулалтай орон сууцыг өөрийн татвар төлсөн орлого болон банк, банк бус байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр худалдан авсан бол татварын хөнгөлөлтөнд хамрагдах тул жилийн найман хувийн хүүтэй зээлээр байр худалдан авсан иргэд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

-Орон сууц худалдаж авах үед орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварын баримт олдохгүй байна гэж иргэд ярьдаг. Энэ баримтгүй бол хөнгөлөлт эдлэх боломжгүй гэсэн үг үү?

-Ашиглаж байсан байрыг худалдан авсан бол үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын албан татварыг төлсөн байх шаардлагатай. Татвар төлөгч иргэн цахимаар тайланг илгээхдээ бүрдүүлэх баримт бичгийн хэсэгт тухайн татварыг төлсөн нэхэмжлэх, төлбөрийн  даалгаварын дугаарыг бүртгэснээр  хөнгөлөлт эдлэхэд шаардлагатай баримтын нэг нь бүрдсэн гэж үзнэ. Хэрэв өөрөө орон сууцаа барьж ашиглалтад оруулсан бол тухайн орон сууцыг барьсан бараа материалаа худалдаж авахад төлсөн төлбөрийн баримтуудаа заавал авах ёстой ба энэхүү төлбөрийн баримт нь НӨАТ-ын тухай хуулийн урамшуулал болох сугалаанд хамрагдах мөн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болно гэсэн үг.

-Хэрвээ иргэн 6 сая төгрөгөө бүрэн аваагүй байхдаа байраа зарчихсан бол татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юу?

-Иргэн  хөнгөлөлт эдэлж буй орон сууцыг худалдах, бусад замаар бусдад шилжүүлсэн бол тухайн татварын жилд уг эрх шилжүүлсэн өдөр хүртэлх хугацааны хөнгөлөлтийг хувь тэнцүүлэн эдэлж цаашид үлдсэн татварын хөнгөлт эдлэхгүй.

-Материалаа бүрэн бүрдүүлж өгөөд баталгаажсан бол хөнгөлөлт хэзээ дансанд нь орох вэ? Иргэдийн хувьд материал бүрдүүлж өгсөн л бол бүх мөнгө дансанд нь ороод ирнэ гэсэн ойлголттой байдаг шүү дээ. 

-Хөнгөлөлтөд хамрагдсан хувь хүний зөвхөн тухайн тайлант хугацаанд төлсөн татварыг л буцаан олгох ба үлдсэн зөрүү дүнг дараагийн татварын жилд төлсөн албан татварыг олгох хэлбэрээр 6 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлдэг. Тиймээс нэг жилдээ бүгдийг нь буцаан авна гэдэг ойлголт буруу.

Татварын албаны хуульд заасан тайлан хүлээн авах хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянаж, харьяалах төрийн сангийн нэгжид хүргүүлэх ба буцаан олголтыг дараагийн жилийн хоёрдугаар улиралд багтаан олгоно гэж хуульд заасан.

ОРОН  СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ

Татвар төлөгчийн бүрдүүлэх

  • Сургуулийн тодорхойлолт /файл/
  • Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар  /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/

Шаардлагатай тохиолдолд

  • Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  • Орлого нотлох баримт /гадаад сургалт/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  • Иргэний үнэмлэх 
  • НД-ын лавлагаа   
  • Төрсний гэрчилгээ

 ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ

 Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар  
  • Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
  • Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
  • Орлого нотлох баримт /файл/
  • Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  • Иргэний үнэмлэх   
  • НД-ын лавлагаа

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.

  • Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал
  • Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар  

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  • Иргэний үнэмлэх   
  • НД-ын лавлагаа    

  ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top