Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шат шатны шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд орсон талаараа 2019 оны хавар олон нийтэд мэдээлэл өгч байв.
Тэрээр дуучин Т.Баясгалангийн аав Д.Түвшинжаргалтай 10-аад жил ханилан сууж байгаад салжээ. Гэтэл шүүхээс АЖ Ш.Чимэдцэеэгийн бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шийдвэр гаргасан байна.
Тухайлбал, АЖ Ш.Чимэдцэеэгийн 82 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг нь шүүх байгууллага 400 сая төгрөгийн үнэтэй хэмээн үнэлж, түүнийх нь тэн хагас болох 200 сая төгрөгийг Д.Түвшинжаргалд олгосугай хэмээн шийдвэрлэжээ.
Ингээд Ш.Чимэдцэеэгийн банкны бүх дансыг хааж, тэтгэврийн дансыг нь битүүмжилсний зэрэгцээ орон сууцыг нь албадан дуудлага худалдаанд оруулна хэмээн улаан канттай албан бичгийг хаалган дээр нь наагаад уджээ.
Гэтэл саяхан Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн байрыг хураах Шүүхийн шийдвэр гарч, түүнийг 2020 оны аравдугаар сарын 26-ны дотор одоо амьдарч буй байраа суллахыг шаардсан тогтоол хүлээлгэж өгчээ
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Ийм болчихоод нулимсаа барж, төрдөө, шүүхдээ гомдоод сууж байна. Арга чарга байна уу, Муу Чимэдцэеэдээ туслаач" хэмээн мэдээлжээ.
Сэтгэгдэл (31)