Авгалдайн сонголт хийхгүй
Сумынхаа хүнсний мухлагт, аймгийнхаа дэлгүүрт өр зээл тавиагүй айл бараг л үгүй. Сар сараар хураагдсан өр сонгуулийн жил бүр ч нэмэгдэж, нэр дэвшигчид тэрхүү хураагдсан зээлийг бөөнд нь дарж өгөөд сонгогчдоос санал авдаг монгол загвар моод болоод удаж байгаа. Тэр нь голдуу будаа гурил, ургамлын тосны ялих шалихгүй зээл байхыг яана. Энэ жил орон нутагт нүүрс, өвс тэжээлээр санал худалдан авах хувилбар амжилттай хэрэгжиж байна. Бид саналаа энэ мэтээр худалддаг. Авлига авч байж саналаа өгдөг. Үр дүнд нь авлигачин төртэй, авлигад гаршсан түшээдтэй болдог. Харин сонгогдсон нөгөө хэд маань сонгогчдынхоо хүслийг биелүүлэхийн тулд дахиад л гаднын орнуудад өр зээл тавина. Ингээд баг, сумаас эхэлсэн өр зээл аймаг хотынхноор өртөөлөн томорсоор түшээдийн төвшинд ирэхээрээ төрөө урд, хойд хөршдөө арилжих авлага, өглөгийн сүлжээ болж хувирдаг. Үнэндээ бол бүгд эх орноо ингэж зардаг. Саналаа өгөхдөө л зарж байдаг. Эх нутгаа боодол өвс, шуудай нүүрсээр арилждаг. Бид тийм л өөдгүй наймаачин, өчүүхэн худалдаачид.
Авгалдайнаас хатан шоргоолж хүртэл өндрөө авч, хаан суудал хүртэл томорсон энэ сүлжээг хэрхэн таслах вэ? Ганцхан л удаа саналаа өөрөөр өгөөд үзмээр байна. Танд, танай гэр бүлд, таны ах дүү, аав ээж, эмээ өвөөд юу ч сарвайж, юухныг ч өгч чадаагүй тийм хүнийг л сонгоорой гэж хэлмээр байна. Учир нь тэд авилга өгч, авч сураагүй байдаг. Бусдын үзэл бодлыг будаа гурил, нүүрс, өвсөөр худалдан авч болохгүй гэдгийг итгэл үнэмшлээ болгосон нэр дэвшигчид юм. Өөрсдийгөө хар, өнөөдрийн амьдралаа ухаар, өөдлөхгүй байгаа шалтгаанаа ойлго. Өнөө шөнө үнэгүй нүүрсэнд гүйж байхдаа, үнэгүй архи сөгнөж байхдаа, үнэгүй өвс зөөж явахдаа бод.
Үнэгүй юм хаана ч байдаггүй, үр хүүхдийнхээ ирээдүйгээр та энэ бүхнийг наймаалцаж олдог гэдгээ сана. Гэтэл таны сонголтыг авч төр түшсэн хүмүүсийн унадаг унаа томорч, уудаг иддэг нь нэмэгдэж, ухалзаж дайрдаг нь гаршиж, барьдаг цүнх нь илүү ганган болж, баздаг арга нь бүр нарийсаад л байна уу? Тэд танд авлига өгсөнтэйгээ адил бусдаас бас авдаг юм. Магадгүй ажилд орох гэсэн хүүхдээс чинь, амьдралаа босгох гэсэн хүүгээс чинь, бичиг баримт, зөвшөөрөл хөөцөлдөж яваа охиноос чинь хэд нугалж авдаг. Хэрхэн энэ сүлжээнээс гарах вэ, хэрхэн хуучин зуршлаасаа татгалзах вэ? Шинэ үеийнхнийг, шинэ цагийнхныг, шинэ мэдрэмжийг, шинэ гаргалгааг сонгож чадвал үндэснээс нь эхэлсэн энэ үнэт зүйл маань үүднээс хойморт хүрэхийн цагтаа үр жимсээ өгөх болно. Үүний тулд авгалдай байхаас нэг маань ч гэсэн татгалзах ёстой юм, та чадах уу? Ирэх цагийнхан ирээдүйд амьдрах эх орноо өөрсдөө төвхнүүлэг, үүний төлөө би саналаа өгнө. Хэний ч танил болоогүй шинэ дүр төрх, шинэ боловсрол, шинэ нэр, шинэ хандлагыг сонгоно. За тэгээд дээлээрээ гоёод, дэргэдээ хүүхдээ дагуулаад, тэднийхээ төлөө саналаа заавал өгөөрэй. Монгол төрөө сонгох сонголт тань ухаалаг байх болтугай.
ЭХ СУРВАЛЖ: НИЙТЛЭЛЧ Р.ЭМҮЖИН
Сэтгэгдэл (1)