Нийслэлийн Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн А/1127 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотод эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, ухаалаг технологид суурилсан шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор Дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бага хурал буюу “DPC 2024” 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Соёлын төв өргөө”-нд 5 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Дижитал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бага хурал нь 2020, 2021, 2022, 2023 онуудад Дижитал бүтээгдэхүүний салбарын оролцогч талууд, UXUI дизайнеруудыг чадавхжуулах, салбарын ерөнхий мэдлэгийг тэлэх зорилгоор зохион байгуулагдаж байсан билээ.
Тэгвэл энэ удаа “Education to Culture” агуулга дор дижитал технологи бүтээх боловсон хүчний ур чадвар өнөөдрийн ажлын байрны шаардлагатай хэр нийцэж буй, цаашлаад ажлын байран дээр мэргэшсэн ур чадварууд соёл болтлоо нутагшиж чадаж байгаа эсэх талаар илүү олон талын мэдлэгийг хүртээмжтэйгээр хүргэхээр 8 илтгэл, 1 хэлэлцүүлэг болон нэтворкинг зохион байгуулагдаж 7000 гаруй бизнес эрхлэгч, оюутан залуус хамрагдсан байна.