өдөр
шөнө
×

Ц.Гарамжавыг хилээр гарах болон Төв аймагт зорчихыг хориглов

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавт холбогдох хэргийн шүүхийн мэдээг нийтэлснийг хүргэж байна.

Шийдвэрийн дугаар: 2024.05.31  №2024/ЦХШЗ/450

Шийдвэрийн тоймын огноо: 2024.05.31 №16

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, прокурорын санал, яллагдагч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, тайлбар,  шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн баримтуудад тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин прокурорын гаргасан саналын зарим хэсэг буюу тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хэсгийг хүлээн авахаас татгалзсан болно.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны

шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top