АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаанд харицлагатай хандаж чадсангүй гэдгийг ҮБХ-ны зарим гишүүн мэдэгдлээ. Хэдийгээр нэр дэвшүүлэх процесс дууссан ч засаж залруулах боломж цаг хугацааны хувьд байгаа учраас нэр бүхий хүмүүсийг буцаан татахыг шаардлаа. Тодруулбал, Төрийн шагналт Д.Сосорбарам тэргүүтэй АН-ын ҮБХ-ны зарим гишүүн хэвлэлийнхэд хандсан бөгөөд Х.Баттулга, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Л.Мөнхбаясгалан, С.Ганбаатар нарыг АН-ын нэрийн өмнөөс УИХ-д сонгуульд дэвших эрхгүй гэдгийг хэлээд тэдний нэрийг буцаан татахыг намын удирдлагуудаас хүслээ.
Түүнчлэн АН-ын нэр дэвшүүлэх процесс олон хууль зөрчсөн учраас СЕХ болон Улсын Дээд шүүхэд хандаж буйгаа мэдэгдээд Монгол Улс хуультай эсэхийг одоо л харна хэмээн мэдэгдэв. Учир нь АН-ын дүрэмд “Намын гишүүн бөгөөд Үндэсний бодлогын хорооны гишүүн хүн АН-ыг төлөөлөн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй” гэж заасан байдаг аж. Гэтэл АН-ын Үндэсний бодлогын хорооны байтугай намын гишүүний батлах ч үгүй олон хүн АН-аас нэр дэвшихээр болсныг ийнхүү эсэргүүцлээ.
Тэдний зүгээс “Эдгээр хүмүүс АН-ын гишүүн эсэх нь эргэлзээтэй. Х.Баттулга гэхэд Ерөнхийлөгч болохдоо хууль ёсоор АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байсан. Эргээд энэ эрхээ сэргээсэн эсэх нь тодорхойгүй. Л.Мөнхбаясгалан гэдэг эмэгтэй АН-ын гишүүн биш, гэнэт л тооноор ороод ирсэн. Н.Алтанхуяг бол өөр нам байгуулаад явж байсан, бие даан нэр дэвшиж ч явсан хүн. АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн эсэх нь мөн л тодорхойгүй. Ж.Батзандан, С.Ганбаатар нарт ороогүй, гараагүй нам гэж байхгүйг монгол даяар мэднэ. АН-ын албан ёсны батлахтай эсэх нь тодорхойгүй. Ийм хүмүүс АН-ыг төлөөлөхгүй. Ерөөсөө гэв гэнэтхэн л танихгүй мэдэхгүй хүмүүсийг оруулаад ирж байна. АН-д мэдлэг чадвараараа шалгарсан олон хүн бий. Гэтэл тэдний өмнүүр хэн нь мэдэгдэхгүй хүмүүс ороод ирж байна. Нэг хүнд, нэг фракцад үйлчилснийхээ төлөө АН-аас нэр дэвших эрх авч байна. Цаг тулсан үед хүчээр тулгаад, луйврын, хуйвалдааны зарчмаар нэр дэвшигчдээ тодруулж болохгүй. АН-аас энэ мэтээр хууль бусаар нэр дэвших гэж байгаа 38 хүн байна. Нэр дэвшүүлэх процесс дуусчихаагүй учраас үүнийг засаж залруулах боломж байна” гэлээ.
Сэтгэгдэл (4)