өдөр
шөнө
×

“Хамтын эрэн сурвалжилга” Үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд чиглэсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” нээлтээ хийлээ. Энэхүү үйл ажиллагааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Монгол Улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтад суух, IJ lab-д ажиллах, интерактив уулзалт, хэлэлцүүлэгт оролцох, менторын удирдлага зөвлөмжөөр эрэн сурвалжилсан бүтээлийн судалгаа хийх, бүтээлийн тэтгэлэг авах болон хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг хүртэх боломжоор хангагдана.

Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах энэ талаар “Энэхүү хөтөлбөрт хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна иргэний нийгмийн идэвхтнүүд оролцож байгаа.  Иргэний нийгэм сэтгүүл зүйн салбарынхан хамтарч ажиллах шаардлагатай. Тиймээс сүүлийн жилүүдэд хамтарсан төсөл хөтөлбөр боловсруулж байна. Яагаад гэвэл, энэ хоёр салбарын аль аль нь хоточ нохойн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Иргэдийн эрх ашигт үйлчлэх, эрх мэдэлтнүүдийг хянах, нүднээс далд байгаа зөрчил, асуудлуудыг илрүүлэх үүргийг иргэний нийгэм болон сэтгүүл зүй хүлээдэг боловч хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх туршлага, соёл уламжлал сул байдаг. Иргэний нийгмийнхэн маш их судалгаа хийсэн, туршлага хуримтлуулдаг ч хэвлэл мэдээллийнхэнд мэдээллээ идэвхтэй хүргүүлэх, ойлгуулах туршлага бага байна. Сэтгүүл зүй иргэний нийгмийн байгууллагууд хамтарснаар магадгүй таван жилийн дараа эрэн сурвалжилах сэтгүүл зүйн хүчирхэг, үүрэг зорилгодоо үнэнч, үнэ цэнтэй хүмүүс бий болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top