өдөр
шөнө
×

Ахмадын хөгжлийг дэмжих нэгдүгээр төв нээлтээ хийлээ

Төрөөс ахмад настны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Баянгол дүүргийн Ахмадын хөгжлийг дэмжих нэгдүгээр төв”-ийн нээлт боллоо. Нээлтэд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн болон хороодын Засаг дарга нар, ахмадын хорооны салбар зөвлөлийн тэргүүлэгч гишүүд, ахмадууд оролцлоо.

Баянгол дүүрэг 2024 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Ахмад настны биеийн тамир, спорт, эрүүл мэнд, соёл, олон нийтийн үйл ажиллагааг өргөжүүлэх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, хөгжих боломжийг бий болгох зорилгоор дээрх төвийг нээж байгаа юм. Тус төвийг нээснээр дүргийн 1, 2, 3,4, 27-р хороонд оршин суудаг 5000 орчим ахмад настан,  

  • Ахмадуудыг нас, бие бялдрын онцлогт тохирсон сургалт, чийрэгжүүлэлт, сэргээн засах уламжлалт эмчилгээ, хөдөлгөөн заслын үйлчилгээнд хамруулах;
  • Ахмад настнуудыг биеийн тамир, спорт, урлаг, соёлын арга хэмжээнд хамруулж, ахмад настны спортын баг, соёл урлагийн хамтлаг, сонирхлын бүлэг, клубийг байгуулах;
  • Насан туршийн боловсролын төвөөр дамжуулан ахмад настны боловсролын түвшинг ахиулах, зайлшгүй хэрэгцээт сургалтуудыг тэдний хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулах;
  • Ахмад настан, түүний гэр бүлийн гишүүдэд сэтгэлзүй, хууль эрхзүй, хөдөлмөр нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн зэрэг шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгөх арга хэмжээг тогтмол зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаанд хамрагдах боломжтой болж байна.

Мөн тус төвд ахмадуудын эрүүл мэндийг дэмжихээр орчин үеийн серажем ор, хөлний массаж, аарцаг, нуруу, шарлагын аппарат, гүйлтийн зам, суурин дугуй зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосноос гадна ахамдууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлаг уран сайхны арга хэмжээ, сургалт зөвлөгөөн зэргийг зохион байгуулах юм.

Баянгол дүүргийн хувьд нийт 25,194 ахмад настан оршин суудаг ба ахмадуудынхаа эрүүл мэнд, нийгмийн асуудлыг шийдэхийн тулд 2024 онд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. Үүний нэг нь Ахмадын хөгжлийг дэмжих төвүүдийг шат дараатайгаар нээх юм.    

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top