Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 96 хувийн ирцтэй хуралдаж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөнхуяг өнгөрсөн шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.
2024 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс нийт 7 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 72.8 хувьтай хэрэгжсэн байна. Тухайлбал, дүүргийн Засаг даргын 1-34 хорооны иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулахыг холбогдох хэлтсүүдэд үүрэг болгосон. Энэ үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нар мөн дэргэдэх байгууллагын удирдлагууд нийт 12 хорооны 1800 гаруй оршин суугчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонссон бөгөөд үлдсэн хороодын иргэдтэй хийх уулзалт нэгдүгээр сарыг дуустал хуваарийн дагуу үргэлжлэх юм.
Мөн нийтийн албан тушаалтнуудыг Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд буюу энэ оны 01 дүгээр сарын 30-ний дотор мэдүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн нийт тайлагнах 47 албан тушаалтнаас 13 нь Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бөглөөд байна.
2024 ОНД 78 ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ ШИНЭЭР ХЭРЭГЖИНЭ
Баянгол дүүрэгт 2024 онд хийгдэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний талаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхцэнгэл дүүргийн удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн. Баянгол дүүрэгт 2024 онд шинээр нийт 78 төсөл арга хэмжээ хэрэгжих бөгөөд үүнд,
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14,
- Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6,
- Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6,
- Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 44
- Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 8 төсөл арга хэмжээ тус тус хэрэгжих юм байна.
САР ШИНИЙН БАЯРЫГ УГТСАН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА
Дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ нийслэлийн Засаг дарга болон Захирагчийн ажлын албанаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд нэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд дүүргийн хэмжээнд хийгдсэн цас мөсний их цэвэрлэгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “11, 12-ны өдрүүдэд зохион байгуулсан их цэвэрлэгээнд нийт 1462 аж ахуй нэгж байгууллага, 185 СӨХ, 7911 иргэн оролцсон бөгөөд нийт 540 га талбайг цэвэрлэсэн. Цэвэрлэгээний үеэр гарсан нийт 140 тонн цас мөсийг 19 машинаар 65 рейсээр тээвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд давс 195 тонн, бодис 95 тонн, дайрга 14,5 тонн байгаа бөгөөд аж ахуй нэгжийг их цэвэрлэгээнд идэвхтэй оролцуулах, орчны 50 метр газрыг цэвэрлүүлэхийн тулд зураглалыг хийж байна. өнөөдрийн байдлаар 800 аж ахуй нэгж байгуулага 50м зураглалыг хийлгэсэн.
Түүнчлэн дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд энэ онд дүүрэгт 8 удаагийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Тухайлбал, сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 2-ны өдөр хороодтой хамтран зохион байгуулах тул идэвхтэй оролцох шаардлагатай. Эдгээрээс гадна дүүргийн ЗДТГ-аас гэр хорооллын хороодын 785 өрхөд угаарын хийн мэдрэгчийг бүрэн тарааж дууссан гэсэн мэдээллийг өглөө.
САР ШИНИЙН БАЯРЫГ УГТСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ДҮҮРГИЙН ДӨРВӨН БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2024” өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм. Энэ талаар дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн дарга Ч.Чойдог мэдээлэл өглөө. Тэрбээр, нэгдүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн иргэдэд зориулсан Сар шинийн үзэсгэлэн худалдаа “Шинэ 100 айл” төвд болно. Иймд хороод иргэдээ идэвхтэй оролцуулаарай гэв.
Түүнчлэн дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан:
- Малчдын хотноос иргэдийн гарт үзэсгэлэн худалдааг 1-р сарын 25-аас 02-р сарын 09 өдрүүдэд, Улаанбаатар Төмөр Зам “1000 машины зогсоолын талбай”-д
- Цагаан сарын гарын бэлгийн үзэсгэлэн худалдааг 1-р сарын 19-өөс 02 сарын 08-ны өдрүүдэд, Sunday 2 худалдааны төвийн гадна талбайд,
- Ерөөлтэй цагаан сар үзэсгэлэн худалдааг 01 сарын 15-аас 02 сарын 08-ны өдрүүдэд UB palace-т,
- Монгол цагаан сар үзэсгэлэн худалдааг 01 сарын 15-аас 2 сарын 08 өдрүүдэд МҮЭ-ийн Соёлын төв ордонд тус ус зохион байгуулахаар төлөвлөсөн гэв.
ШУУРХАЙ ЗӨВӨЛӨГӨӨНИЙ ҮЕЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР хэд хэдэн зүйлийг онцоллоо. Тухайлбал, дүүргийн нутаг дэвсгэрт гарааш буулгах, ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг эртнээс зохион байгуулах, мөн хороодын Засаг дарга нар хороондоо байгаа олон жил зориулалтын дагуу ашиглаагүй, хашаалчихсан газрын байршил, мэдээллийг яаралтай гаргаж өгөх, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дүүргийн нутаг дэвсгэрт орц гарц чөлөөлөх асуудлыг анхаарал хандуулж ажиллахыг даалгалаа.
- Мөн удахгүй болох сар шинийн баяр болж иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгддэг. Осол гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр орон сууцны байрнуудын лифтний үзлэг шалгалтын ажлыг зохион байгуулахыг даалгалаа.
- Дүүргийн Эрүүл мэндийн төв холбогдох хэлтсүүдтэй хамтран Дүүргийн хэмжээнд эрт илрүүлгийн оношлогоо, шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг сайжруулах арга хэмжээ зохион байгуулах,
- Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хороодтой хамтран Хороодын амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг яаралтай сонгох шаардлагатай гэсэн юм.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга дараах үүрэг даалгаврыг нийт удирдах ажилтнуудад өглөө. Үүнд:
- Дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа арилгах ажлаа эрчимжүүлж, гэр хорооллын гудамж, зам талбай болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50м хүртэлх зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлж, халтиргаа гулгаа арилгах, давс, бодис цацах ажлаа шуурхай зохион байгуулах,
- Тендер сонгон шалгаруулах тендерийн ажлыг шуурхай зохион байгуулах, ажлын явцыг 7 хоног тутамд танилцуулж ажиллах,
- Худалдан авах ажиллагаатай холбоотой ажлын даалгавар батлуулах, үнэлгээний хороо байгуулах ажлыг эрчимжүүлэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээ дагасан авто зогсоолын хүртээмж, зогсоолын эргэлт муугаас шалтгаалан зорчих хэсгийн 1-р эгнээнд тээврийн хэрэгслүүд зогсох зохиомол түгжрэл саатал үүсгээд байгаад хяналт тавьж, удаан хугацаагаар хөдөлгөөнгүй зогсож байгаа тээврийн хэрэгслийн судалгааг гаргах,
- Нийтийн албан тушаалтнууд Хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлгээ энэ оны 01 дүгээр сарын 30-ны дотор мэдүүлэх. Мөн АТГ-тай хамтран зохион байгуулж буй “Хяналт тавих, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг мэдүүлэхэд анхаарах асуудал" сургалтад дүүргийн удирдах албан тушаалтнууд бүрэн хамрагдах,
- Хориглосон бүсэд мал орохоос сэргийлэх ажлын хүрээнд эргүүл хийх мэдээлэл түргэн солилцох,
- Сууц өмчлөгчдийн холбоодтой хийсэн уулзалтаас гарсан шийдвэрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлууд, үр дүнгийн талаар танилцуулах,
- Дүүргийн Засаг даргын 2024 оны А/02 дугаар “Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд дүүргийн 34 хороодын иргэдтэй уулзах уулзалтын үеэр иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч, хэрэгжилтийг танилцуулж ажиллах
- Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор тус иргэдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөх зэрэг холбогдох ажлыг зохион байгуулж ажиллахыг тус тус даалгалаа.