Голомт банк БНХАУ-ын томоохон банкнуудтай хамтын ажиллагаагаа эхлүүлсний 20 жилийн ойг тохиолдуулан банкны удирдлагууд болон төлөөлөгчид БНХАУ-д албан айлчлал хийн Хятадын банкнуудтай өндөр хэмжээний уулзалтуудыг зохион байгууллаа.
Тус албан айлчлалын хүрээнд олон жилийн хамтын ажиллагаатай Agricultural Bank of China (ABC), Industrial and Commercial Bank of China (ICBC), Bank of China, China Construction Bank, Bank of Communications, Bank of Inner Mongolia, Mengshang Bank зэрэг банкнуудтай цар тахлын дараах хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд арилжааны банкнууд идэвхтэй хамтран ажиллах, хил дамнасан юанийн төлбөр тооцоо, валют арилжаа, гадаад валютын бэлэн мөнгөний зузаатгал, импорт, экспортыг дэмжих зээл санхүүжилтийн үйлчилгээ, гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн банк, санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.
Мөн БНХАУ-ын юанийн төлбөр тооцооны үндэсний систем болох Cross-Border Interbank Payment System (CIPS)-ийн төлөөлөгчидтэй юанийн болон бусад дижитал төлбөр тооцооны дэвшилтэт үйлчилгээг дотоодын харилцагчдад хүргэхэд хэрхэн хамтран ажиллах талаар уулзалт хийсэн юм.
Түүнчлэн Голомт банк ICBC болон ABC банкуудтай ам.доллар болон юанийн валютаар хийгдэх төлбөр тооцооны хамтын ажиллагааны гэрээг тус тус шинэчлэн байгуулав.
Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал болон Industrial and Commercial bank of China-ӨМӨЗО банкны гүйцэтгэх захирлын орлогч Вү Хайлунг
Голомт банк байгуулагдсан цагаасаа эхлэн харилцагчдынхаа гадаад худалдаа, бизнесийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын бизнес, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн бөгөөд өдгөө 40 орны 150 гаруй банк, санхүүгийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байгаагаас БНХАУ-ын 20 банк, санхүүгийн байгууллагатай олон чиглэлд хамтран ажилладаг билээ. Ийнхүү энэ удаагийн айлчлал, албан уулзалтуудыг өндөр түвшинд амжилттай зохион байгууллаа.
Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал болон China Construction Bank-ӨМӨЗО банкны гүйцэтгэх захирлын орлогч Сунг Баосунг
Нээлттэй банк – Голомт банк