Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах дадал нь бидний өдөр тутамдаа хийдэг жижигхэн үйлдлээс эхэлдэг бөгөөд хувийн мэдээллээ алдах хамгийн өндөр эрсдэл нь гар утас, ухаалаг төхөөрөмжөөр дамжин бий болдог. Тиймээс харилцагч та бүхнийг эрсдэлд өртөх биш урьдчилан сэргийлдэг байхыг уриалж, гар утас, ухаалаг төхөөрөмж хэрэглэх үедээ хэрхэн мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах талаар зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.
1. Сүлжээний аюулгүй байдлыг хангах
Олон нийтийн газар ашигладаг нууц үггүй, үнэгүй wi-fi сүлжээнд нэвтрэх нь цахим халдлагад өртөх өндөр эрсдэлийг бий болгодог бөгөөд нэвтэрсэн тохиолдолд сошиал хаяг, интернэт банк гэх мэт хувийн, нууц мэдээлэл агуулсан аппликэйшнүүдэд хандахаас зайлсхийгээрэй. Шаардлагагүй тохиолдолд нууц үгээр хамгаалагдаагүй интернэт сүлжээнд нэвтрэхгүй байх, wi-fi болон bluetooth-ийн тохиргоогоо унтрааж хэвшихийг зөвлөж байна.
2. Хандаж буй вэбсайтаа нягтлах
Аливаа вэбсайтад хандахдаа хувийн мэдээллээ оруулах, файл татах зэрэг үйлдэл хийхээсээ өмнө тухайн хаяг албан ёсных мөн эсэхийг заавал шалгах хэрэгтэй. Хуурамч эсэхийг нягтлахгүйгээр нэвтэрсэн линк, вэбсайтууд хормын төдийд л таны хувийн мэдээллийг авч, хохирол учруулах эрсдэлтэй байдаг.
3. Фишинг халдлагаас сэргийлэх
Фишинг халдлага гэдэг нь өгөөш шидэх байдлаар таны нэвтрэх нэр, нууц үг зэрэг хувийн мэдээллийг хулгайлж, ухаалаг төхөөрөмжид нууцаар нэвтрэн, хохирол учруулах цахим халдлага юм. Тиймээс сэжигтэй и-мэйл, мессеж ирсэн тохиолдолд өөрийн хувийн болон банкны нууц мэдээллүүдээ оруулахгүй байж, албан ёсны хаяг, дугаар мөн эсэхийг нь сайтар шалгаарай.
4. Найдвартай эх сурвалжаас программ татах
Программыг зөвхөн албан ёсны эх сурвалж (Google play store, Apple app store) эсвэл албан ёсны вэбсайтаас татаж суулгах нь хамгийн зөв алхам байдаг. Банкны аппликэйшн татахдаа ч гэсэн найдвартай эх сурвалжийг ашиглаарай.
5. Төхөөрөмжийн тохиргоог анхаарах
Аливаа аппликэйшнд нэвтрэх үед таны утсан дээрх хувийн мэдээлэлд (Photo, contact гэх мэт) хандах зөвшөөрөл, мэдээлэл хуулах тохиргоог идэвхжүүлэхийг шаарддаг. Иймд кибер халдлагад өртөх эрсдэлээс сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд ЗӨВШӨӨРӨХ товчийг дарахаас зайлсхийгээрэй.
6. Хүчирхэг нууц үг зохиох
Интернэт банк болон сошиал хаягт нэвтрэх нууц үгийг өөрийн нэр, утасны дугаар, төрсөн он сар өдөр гэх мэт хувийн мэдээлэл агуулсан байдлаар зохиохгүй байх нь зүйтэй. Таахад хялбар, сул нууц үг нь таны ухаалаг төхөөрөмж болон аппликэйшнд зөвшөөрөлгүй нэвтрэх, халдлагад өртөмтгий болгох эрсдэлтэй учир аль болох том, жижиг үсэг, тоо, тусгай тэмдэгтээс бүрдсэн хүчирхэг нууц үгийг ашиглаарай. Мөн төхөөрөмж эсвэл хаяг бүрдээ өөр өөр нууц үг зохиож хэвшээрэй.
Сэтгэгдэл (1)