Голомт банк болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран бизнесийн зах зээлд нэвтрүүлж буй “Women Owned” тохирлын тэмдэгтийг танилцуулах албан ёсны арга хэмжээ 2023.11.08-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Арга хэмжээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон Монголын ТОП компанийн төлөөллүүд, олон улсын байгууллагууд, холбогдох албаны хүмүүсийг хамруулсан нийт 200 гаруй зочид уригдан оролцлоо.
Энэхүү арга хэмжээгээр дамжуулан эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн илтгэлүүд, төр, хувийн хэвшлийн төлөөллүүдийг панелистаар урьсан хэлэлцүүлэг зэрэг сонирхолтой үйл ажиллагаагаар дүүрэн нэг өдрийн хөтөлбөрийг зочдод хүргэлээ.
Энэ үеэр “Women Owned” тохирлын тэмдэгт ашиглах хүсэлт илгээсэн нийт байгууллагуудаас шалгуур үзүүлэлтүүдийг хангасан зарим компанийн төлөөлөл болгон Life Balance ХХК, CSL ХХК, SabaX болон Цайдам Трейд ХХК зэрэг компаниудад тохирлын тэмдэгт ашиглах эрхийн гэрчилгээг албан ёсоор гардуулан өгсөн юм.
Мөн Голомт банк жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгынхоо хүрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Бизнесийн ёс зүйн төвтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, гарын үсэг зурлаа. Санамж бичгийг байгуулснаар банкны харилцагч байгууллагуудыг бизнесийн ёс зүй, комплаенстай холбоотой зөвлөгөө, мэдээллээр хангах, сургалт арга хэмжээг зохион байгуулахаас гадна бизнесийг дэмжих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
Ийнхүү Голомт банкнаас санаачлан эхлүүлсэн “Women Owned” тохирлын тэмдэгтийг хэрэглээнд нэвтрүүлэх ажил амжилттай хэрэгжиж, албан ёсоор нээлтээ хийлээ. Бизнес эрхлэгч эмэгтэй та ч бас “Women Owned” тохирлын тэмдэгтийг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ ашиглах боломжтой бөгөөд дараах QR-ийг уншуулан бүртгүүлэх хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
Сэтгэгдэл (1)