өдөр
шөнө
×

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны тавдугаар сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болголоо.
 
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2023 оны дөрөвдүгээр улиралд багтаан батлуулж, суурь, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарт даалгалаа.  

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн судалгаа, ажлын зураг төсөв, паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, үерийн байгууламж, инженерийн шугам сүлжээ, цахилгаан хангамж, ундны усны хангамж, барилга угсралтын үеийн түр цахилгаан хангамжийн ажил, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг бэлтгэл ажлууд хийгджээ.   

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа арьс, ширний үйлдвэрүүдийг тус паркт нүүлгэн шилжүүлснээр паркийн суурь дэд бүтцийг бий болгох төдийгүй одоогийн байгаа бохирдсон газрыг нөхөн сэргээж, дахин төлөвлөлт хийхээр төлөвлөж байна.  

Тус паркийг ашиглалтад оруулж, төслийг хэрэгжүүлснээр жилд хонь, ямааны арьс 4,0 сая, үхрийн шир 400,0 мянга, адууны шир 200,0 мянга, тэмээний шир 15,0 мянга нийт 4.6 сая ширхэг арьс, ширийг бүрэн боловсруулна. Мөн ноос 3.6 мянга, ноолуур 1.2 мянган тонныг тус тус боловсруулах боломжтой болно.
 
МИАТ компани долдугаар сарын 01-нээс орон нутгийн есөн чиглэлд хуваарьт нислэг хийнэ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал, жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн есөн чиглэлд 2023 оны долдугаар сарын 01-нээс хуваарьт нислэг үйлдэж эхэлнэ.

Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд долоо хоногт 1-3 давтамжтай ниснэ, орон нутгийн тариф 40-68 хүртэл хувиар буурна.

“Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн иргэдэд агаарын тээврийн үйлчилгээг эдийн засгийн дарамтгүй, хүртээмжтэй болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны урсгалыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ шийдвэр гарлаа. Ингэснээр алслагдсан бүс нутгийн ард иргэд хүртээмжтэй, хямд тийз бүхий нислэгтэй болсноор гаднын жуулчид олон цаг, олон хоног хөдөө орон нутгийн замд автомашинаар зорчих асуудал эрс багасаж, тав тухтай аялах боломж бүрдэнэ” гэж Зам, тээврийн хөгжлийн сайд мэдээлэл хийхдээ онцлов.
 

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдийн явц, хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Эдийн засаг, хөгжлийн яам “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангуулах, төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлж ажиллаж буй.

Хэрэгжиж байгаа хөгжлийн 20 төслийн хувьд гуравдугаар сараас төслийн талбай дээрх бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байгаа 16 төсөл байна.
Эдгээр төслөөс 2023 онд хэрэгжиж дуусах 10 төсөл байна. Үүнд:
Тавантолгой–Манлай–Ханги чиглэлийн 477 км авто зам
Шаамар–Зүүнбүрэн–Цагааннуур–Түшиг–Зэлтэр чиглэлийн 120 км авто зам
Улаанбаатар–Дархан чиглэлийн 204 км авто зам
Хэнтий аймгийн нисэх буудал 3C
Гашуунсухайт төмөр замын ачиж буулгах терминал
Чойбалсан дулааны цахилгааны станцын 50МВт өргөтгөл
Амгалан дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Ус хангамжийн систем
Ханги боомт дахь чингэлэг шилжүүлэн, ачих терминал
Хотын тээвэр шинэчлэл

Мөн энэ онд дараах төслүүдийн бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Үүнд:
1.    Ханги–Мандал хил холболтын төмөр зам
2.    Чойбалсан–Хөөт–Бичигт төмөр зам 237 км ​
3.    Баруун Урт–Бичигт 272 км авто зам
4.    Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж
5.    Тавантолгой ДЦС​​ (300МВт  + 150МВт)
6.    Гашуунсухайт–Ганцмод хил холболтын төмөр зам
7.    Энгийн хог хаягдлын төвлөрсөн эко байгууламж​
8.    Шивээ хүрэн–Сэхээ хил холболтын төмөр зам
9.    Шинэ Ховд үйлдвэрлэл, технологийн парк​
10. Хотын тээвэр шинэчлэл​
11. Чойбалсан–Хавирга чиглэлийн 124км авто зам ​
12. Шинэ тойрог зам​​ (Туулын хурдны зам)
13. Хөшигийн хөндийн ЭЗЧБ байгуулах I үе шат​
14. Дарханы арьс ширний үйлдвэр​
15. Сэлбэ сэргэлт
16. Эрдэнэбүрэн 90МВт УЦС
17. ДЦС-3 өргөтгөл​
18. Эрдэнэбүрэн–Мянгад–Улиастай ЦДАШ ​
19. Чойр–Сайншанд 220 Кв-ын ЦДАШ ​

Харин хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч удаашралтай, хүндрэл бэрхшээл үүссэн дараах төслүүд байна. Үүнд:
1.    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц
2.    Тавантолгой дулааны цахилгаан станц
3.    Чойбалсан–Хавирга чиглэлийн 124 км авто зам
4.    Гашуунсухайт–Ганцмод хил холболтын төмөр зам
5.    Шинэ тойрог зам
Эдгээр төслүүдийн хувьд хэрэгжилтийг эрчимжүүлж, үүссэн нөхцөлийг шийдвэрлэж ажиллахыг холбогдох яамд, албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө.

Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгоно

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 19-20-нд болсон цаг агаарын аюулт үзэгдэл, түүний улмаас учирсан хохирлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулан, Хүчтэй салхи, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр, хүнсний багц олгох, аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зохих хэмжээний шатахуун, халдвар хамгаалллын хувцас хэрэглэлийн дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Мөн гамшгийн улмаас мал нь хорогдсон малчин айл өрхүүдийн судалгаа, мэдээллийг яаралтай гаргаж малжуулах хөтөлбөрт хамруулах асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нарт даалгав.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top