өдөр
шөнө
×

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хөрөнгө оруулагчид бодлогын алдаа гаргахгүй байхыг зөвлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа “Welcome to Mongolia” уриан дор болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2023” хүрээнд Монголбанк, Сангийн яам, арилжааны банкуудын удирдлага болон гадаадын Хөрөнгө оруулалтын банк, сангуудын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтад Deutsche Bank, UBS, JPMorgan, Goldman Sachs,  Sumitomo Mitsui, Barclays, Bank of China, Morgan Stanley, US EXIM, Citi, BNP Paribas Exane, HSBC Australia Bank, Standard Chartered, ING, Lazard Asset mgt, Export finance Australia, MIGA, Cliffort capital, Bank of America, RBC, Barrenjoey Capital Partners, Natixis HK, GIC, Ubique Asset mgt, EBRD, IFC, KFW, Canadian Imperial Bank of Commerce зэрэг олон улсын нөлөө бүхий 48 байгууллагын төлөөлөл оролцов.


Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Үндэсний уламжлалт баяр наадмын мэнд хүргээд улсынхаа макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр,
Ковид бол бидэнд хамгийн хүнд сорилтуудын нэг байсан. Ковидын үед манай эдийн засаг -4.7 хувь болж буурсан бол одоо эдийн засаг өсөж байна. 2022 онд эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрсэн. Энэ онд зургаа орчим хувьд хүрэх төлөвтэй байна.
Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн эрх зүйн орчноо сайжруулсан. Манай улс саяхан Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, нэмэгдүүллээ. Энэ бол хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогын тогтвортой байдлыг хангах бидний хамгийн том амжилтуудын нэг юм. Сонгуулийн холимог тогтолцоо нийгмийн төлөөллүүд хууль тогтоох байгууллагад орж ирэх үүд хаалгыг нээж, жендэрийн тэгш байдлыг хангаж, бусад намуудад томоохон боломж олгох болно. Илүү ил тод, бизнест ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэж, дижитал шилжилтийг эрчимжүүлж байна гэж онцоллоо.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсын Төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, төрөлжсөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, дагалдах журмуудын төслийг бэлэн болголоо. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар байгуулах боломж илүү нээлттэй болж байна” гэв.

Уулзалтын төгсгөлд хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдад 2012 оны эдийн засгийн сэргэлт эргэн ирж буйд баяртай байна. Та бүхэн 10 жил алдлаа. Одоо эдийн засгийн өсөлтөө  хадгалаад,  төсвийн сахилга баттай, хөрөнгө оруулалтын бодлогын алдаа гаргахгүй байхыг зөвлөлөө.


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top