Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. АН-ын гишүүн Ц.Туваан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн улс орон даяар өрнүүлсэн Зөвлөлдөх санал асуулгаас гаргасан зөвлөмжийг иргэд дэмжиж байгааг тодотголоо. Тэрбээр “Өнөөдөр бидэнд маш олон төрлийн шаардлага гарсан учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжинэ. Аливаа юм сайжирч явах ёстой, нэг байрандаа зогсоод байж болохгүй. 1992 оны анхдугаар Үндсэн хуулийг баталснаас хойш 31 дэх жилдээ орчихлоо. Бид ухарч болохгүй учраас томоохон, тогтолцооны шинжтэй өөрчлөлт хийх цаг болсон. Улс орон даяар өрнүүлсэн Зөвлөлдөх санал асуулгыг явуулаад зөвлөмж гаргасан. Миний хувьд энэ зөвлөмжийг аваад Төв аймгийнхаа бүх сумаар ороод хэлэлцүүлээд ирсэн. Танилцуулга хийж, саналыг ч авсан. Ингэж явах зуур зөв тийшээ явах гэж байгаа зүйлд иргэд дэмжих хандлагатай байна. Шинэ соргог зүйлд эсрэг байр сууринаас ханддаггүй хүмүүс шүү дээ. Хэлсэн ярьсандаа байж чадвал ард иргэд дэмжихэд бэлэн байна гэдгийг хэлье” гэлээ.
Сэтгэгдэл (2)