УЕПГ-аас УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг “Андын илч” ХХК-ийн хэрэгтэй холбоотойгоор бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах санал гаргах гэж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ.
Цаад санаа нь маш хорон, холбогдогч этгээдүүд нь үйлдэх явцдаа маш олон хууль зөрчиж гэмт хэрэг өдүүлсэн, мафийн зохион байгуулалтаар ажилласан гэмээр энэ хэргийг хуулийнхан шуурхай шалгахын тулд Ж.Батсуурийг түдгэлзүүлж шалгах зайлшгүй шаардлагатай байсан. Энэ ёсоор болж байх шиг байна. "Андын илч"-ийн хэргийн учрыг яаралтай олох нь яг энэ загвараар үйлдэгдсэн бусад хэргүүдийг илрүүлэх, цаашид гарах боломжийг хааж, таслан зогсооход чухал ач холбогдолтой юм.
Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумын нутагт орших “Андын илч” ХХК-тай холбоотой мэдээлүүдийг судалж үзэхэд үнэхээр л гарчигт бичигдсэн үгс яг бодогдлоо. Мафи гэсэн үг оруулсан нь ч сүржигнэсэн хэрэг огт биш. Учир нь, “Андын илч”-ийг хууль бусаар авсан гэх Жан Чуан гэгч нь эл үйлдэлдээ ТУЗ-ын дарга, Сүхбаатар аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Цээсүрэн тэргүүтэй Монголын улстөрчдийг хөдөлгөж, зэвсэглэсэн дээрэмчдийг хөлсөлсөн төдийгүй, компанийн тамга тэмдгийг шинээр хийлгэж авахад бүртгэлийн байгууллагыг өөрсдөдөө үйлчлүүлсэн байдаг.
Улс төр, бизнесийн улс дамнасан бүлэглэл гэж хэлж болохоор хэсэг этгээдүүд ийнхүү “Андын илч” ХХК-ийг хууль бусаар шилжүүлж авахдаа зэвсэгт дээрэм хийсэн, “Майробалан” ХХК-ийн өмчийг эвдэн сүйтгэж тонон дээрэмдсэн, уг дээрэм Монгол Улсын дархан хилийн бүсэд үйлдэгдсэн, баримт бичиг хуурамчаар үйлдсэн, компанийн захирлыг өөрт нь мэдэгдэлгүй, оролцуулалгүйгээр огцруулсан гэх мэт олон гэмт хэргийг үйлдсэн.
Улмаар ямар нөхцөлд яаж ажилласан гэдэг нь хийсэн ажил, данс тооцоогоор батлагддаг монгол хөрөнгө оруулагчдад улайм цайм “Мөнгийг чинь өгөхгүй” гэж байгаа нь бусдын онц их хэмжээний хөрөнгийг бүртгэлийн аргаар дээрэмдсэн гэмт хэрэг юм.
Улсаа биш, амин хувиа боддог ИТХ-ын гишүүнийг ч шалгах ёстой
Энэ хэрэгт харамсахад багадмаар үүрэг гүйцэтгэсэн нэг этгээдүүд байгаа нь Сүхбаатар аймгийн иргэдийн хурлыг төлөөлөн ТУЗ-д суусан гишүүд, тэр дундаа одоо даргаар ажиллаж буй Ж.Цээсүрэн гэгч. 49 хувь эзэмшиж, ТУЗ-ын есөн суудлын дөрвийг нь төлөөлдгийн хувьд тэдгээр нөхөд компаниа орон нутагт ашигтай ажиллуулах, ногдол ашиг авах талаар хичээж ажиллаагүй. Ж.Цээсүрэн бол 2021 оны тавдугаар сараас 2022 наймдугаар сар хүртэл "Андын илч" компани ямар хүнд нөхцөл байдалд ажилласныг сайн мэдэж байсан. Цар тахлын улмаас хил гааль хаалттай байсан тул үндсэндээ ямар ч орлогогүй, өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэн хүнд үеийг гэтэлгэсэн байдаг. Гэтэл мэдсээр байж гүйцэтгэх захирал Туяаг хууль бусаар буюу өөрт нь мэдэгдэлгүйгээр чөлөөлөх ажилд оролцож, эл үйлдлээ “Өмнөх удирдлага муу ажиллаж, татвар, нийгмийн даатгал, хамтрагч компанийн төлбөр, ажилчдын цалинд 980 сая төгрөгийн өр үүсгэсэн учир чөлөөлсөн” хэмээн ичихгүй худал залж суугаа нь зөөлчилж хэлэхэд хүний үнэргүй үйлдэл юм.
“Андын илч” ХХК-д үүссэн асуудал бол бүхэл бүтэн аймгийн ИТХ, улстөрчид гаднынхантай нийлж, төрийн агентлагуудыг оролцуулан Монголын баялгийг тонон дээрэмдэж, туслан гүйцэтгэгч болон хөрөнгө оруулагч компаниудыг олон тэрбум төгрөгөөр хохироосон ноцтой хэрэг. Аймаг орон нутаг нь өмчтэй, өмчөөсөө ногдол ашиг авдаг гэж бодож яв даг эгэл жирийн сүхбаатарчуудын итгэл сэтгэлээр тоглосон, төрийн нэгдмэл байдлыг үл хүндэлсэн хэрэг.
Бүр ухаад бодвол хятадууд нутгийн өөрөө удирдах байгууллагатай нь хуйвалдаж, өмчийг нь аймгийн тайлан балансад ашиггүй харагдуулж байгаад төрийн өмчөөс гаргах гэсэн санаархал ч нуугдаж байж болзошгүй хэрэг. Гэмт этгээдүүд гүйцэтгэх захирал Туяаг уурхайд бүтээн байгуулалт хийн, ажилчдын цалинг огцом нэмж үргүй зардал гаргасан гэдгээс гадна “Аймаг орон нутагт заавал ногдол ашиг өгөх ёстой. Нөхөн сэргээлт хийнэ” гэж зүтгэснээс болж огцруулсан нь энэ таамаг үнэн байж болохыг харуулдаг. Сайтар шалгах шаардлагатай.
Сүхбаатар аймгийн ИТХ буюу 49 хувь эзэмшигчийн төлөөлөл Ж.Цээсүрэн үүссэн асуудлыг 51 хувь эзэмшигч "Жиньжөү Бай Хуй" компани цалин авдаг гүззйцэтгэх захирлаа томилж чөлөөлсөн мэт ойлголт төрүүлэхийг оролдож байгаа. Гэхдээ тийм биш.
“Жиньжөү Бай Хуй” бол үнэндээ хөрөнгө оруулагч гэхэд хэцүү, бусдаас мөнгө аваад “Андын илч”-ийн уурхайг хариуцуулдаг, өөрөөр хэлбэл түрээслэдэг газар байсан юм билээ. Ингэхдээ орон нутгийн төсөвт маш бага татвар төлж ирсэн. Гэтэл 2021 онд ажил авсан Туяа хуулийн дагуу ажиллана, татвар төлнө гэж зөрүүдэлснээр хятадуудтай муудалцсан гэж өөрөө ярьсан.
Түүний оруулсан зургаан тэрбум төгрөг бүхэлдээ компанийн үйл ажиллагаа, орчин нөхцлийг уул уурхай, мэргэжлийн хяналтын холбогдох хууль журамд нийцүүлэхэд зарцуулагдсан байдаг. Тухайлбал,
-Ямар ч ашиглалтгүй, малын баас овоороод цонхтой ч чацуурчихсан байсан ажилчдын байрыг иж бүрэн засварлаж, гадаа нүхэн жорлонд бие засдаг байсныг болиулан дотроо “00”-той, халуун хүйтэн устай болгосон.
-Гаалийн хяналтын талбайг зассан
-Гаалийн хяналтын талбайг зайлшгүй байх ёстой төхөөрөмжөөр тоноглосон
-Ажилчдын доод цалин 420 мянган төгрөг байсныг 840 мянган төгрөг болгож хоёр дахин, бусад нарийн мэргэжлийн боловсон хүчний цалинг мөн энэ жишгээр нэмсэн
-Цар тахлын үед ч ажилчдынхаа цалинг дутаалгүй олгож, нэгэнт олборлосон байсан нүүрсийг 24/7 ээлжээр манаж, шатаалгүй авч үлдсэн зэрэг ажиллагаанд зарцуулжээ.
Товчхондоо, олон жил орхигдчихоод байсан, компанийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх ажлыг л хийсэн юм билээ.
Цар тахлын хүнд үед ч татвараа зохих ёсоор төлж, “Шилдэг татвар төлөгч” ч болж байжээ. Гэтэл ИТХ ийм найдвартай бизнесмэнүүдийг “Муу ажилласан” гэж гүтгэн гаднынхантай хуйвалдаж, хохироож байгаа нь Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажилласан үйлдэл юм.
Нэгдмэл удирдлагатай улс мөн л юм бол Монголын төр энэ хэргийн мөрөөр орж, хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдийг нь сайтар шалгаж, гэмт этгээдүүдийг илчлэн хохирогчдын гомдлыг барагдуулах ёстой. Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан “Таван Ш ажиллагаа”-г ч үр дүнд хүргэх нэг том алхам болно гэж найдаж байна. Ядаж л Монгол улс хуультай, төртэй юм байна гэдгийг бусдад ойлгуулна шүү дээ. Үгүй бол “Аймгийн удирдлагатай нь нийлж байгаад Монголд хуулийг уландаа гишгэж хүссэнээ хийж болдог юм байна” гэдэг ойлголтыг гаднынханд өгнө.
Дашрамд, “Андын илч” ХХК үйл ажиллагаа явуулсан цагаасаа хойш хэчнээн тонн нүүрс экспортолсон, түүнээс хэдийг аймгийн төсөвт тушааж байсныг он, оноор нь шалгаж үзэхийг эрэн сурвалжлах сэтгүүлчдэдээ уриалж байна. Ашгийн 49 хувь нь аймгийн төсөвт орсон уу, улстөрчийн хувийн дансанд орсон уу гэдгийг шалгаж тогтоогоод бусад аймгуудыг ч хамруулж шалгавал “Нүүрсний хулгай”-н шинэ давлагаа эхлүүлж магадгүй юм шүү. Улс оронд ч хэрэгтэй.
Тиймээс энэ хэрэгт холбогдсон, нэр дурдагдсан хүн бүрийг, УИХ-ын гишүүн байсан ч хамаагүй шалгах учиртай юм.
Яагаад гэвэл энэ хэргийн хамгийн том хохирогчид бол нутгийн иргэд болох сүхбаатарчууд.
Орон нутгийн өмчтэй өөр хэдэн ч уурхай ийм замаар явж байгаа юм билээ.
Сэтгэгдэл (2)