Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү нар өнөөдөр /2022.10.21/-ний өдөр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ -т ажиллалаа.
Энэ үеэр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа нэгдсэн зураг төслүүдийг хадгалах, хамгаалах, архивлах ажлын явцыг үзэж шалгалаа.
Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд нийт 169 нэг маягийн зураг төсөл хийгдэж байгаагаас иж бүрэн дууссан 60 зураг төслийг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын архивт стандартын дагуу архивлаад байна.
Дэд сайд Э.Золбоо холбогдох албаны хүмүүст дараах үүрэг чиглэлийг өглөө.
Хүн амын нутагшилт суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл /ХАНСХЕТ /төслийг Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн дараагийн хуралд танилцуулах,
Барилгын норм ба дүрэм дээр үзлэг хийх ажлын хэсэг байгуулагдсан. Удахгүй болох тус ажлын хэсгийн хуралдаанд үзлэгийг хэрхэн зохион байгуулж явуулах талаар саналаа боловсруулж танилцуулах,
Барилгын материалын лабораторийн дотоод орчны будгийг шалгах тоног төхөөрөмжийг яаралтай ажиллагаанд оруулах,
Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн систем "BIM" -ийг Монголд нэвтрүүлэх чиглэлээр гаднаас зөвлөх үйлчилгээ авах хүрээнд холбогдох саналуудаа боловсруулах,
Барилгын захиалагчийн хяналтыг сайжруулах чиглэлийн хүрээнд хувийн хэвшил болон зөвлөх үйлчилгээний компаниудын оролцоог хангаж, зөвлөх үйлчилгээг хэрхэн зохион байгуулж байгаа талаарх мэдээллийг танилцуулж, цаашдаа хэрхэн улам сайжруулах талаарх саналуудаа оруулж ирэх,
Гэр хороололд баригдаж байгаа зураггүй амины орон сууцуудыг цаашид зурагтай болгож, чанаржуулах ажлын хүрээнд айл өрхүүдэд үнэ төлбөргүй олгох зургуудаа эцэслээд, нийт зургийнхаа тоо хэмжээг яаралтай гаргаж, яаманд хүлээлгэж өгөх,
Нийт зургийн ажлуудынхаа өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, тулгарч буй асуудлуудыг цаашдаа хэрхэн шийдвэрлэж ажиллах талаарх саналаа танилцуулахыг үүрэг болгов.