өдөр
шөнө
×

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр Хан-Уул дүүрэгт дүүрэгт ажиллалаа

Хан-Уул дүүргээс сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчид дүүрэгт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2022-2023 оны хичээлийн  жилийн бэлтгэл ажилтай танилцан дүүргийн удирдлагуудтай санал солилцлоо.

Хан-Уул дүүрэгт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, сургууль, цэцэрлэгийн хүртээмж болон тулгамдсан асуудлын талаар дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн танилцууллаа.

-Хан-Уул дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний тухайд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 арга хэмжээ, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 49 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын ажлын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна.

Тухайлбал дүүргийн хүн амын төвлөрөл ихтэй бүс буюу 4,15,16 дугаар хороонд дүүргийн төсвийн хөрөнгөөр гурван цэцэрлэг, дөрвөн хороонд жишиг өрхийн эрүүл мэндийн цогцолбор,  ахмадууд амарч сувилуулах ахмадын сувилал болон 16 байршилд хүүхэд, залуучуудад зориулсан тоглоомын талбай, 420 ширхэг гэрэлтүүлэг, 340 ширхэг камержуулалтыг суурилуулж, хог тээврийн 45 автомашиныг дүүргийн төсвийн хөрөнгөөр шийдсэн.  Мөн осол, аваар  ихээр бүртгэгддэг Яармагийн автозамд нүхэн гарцын бүтээн байгуулалт, зам засвар, тохижилтын бусад ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэлээ.

Мөн хүн амын төвлөрөл, барилгажилт эрс нэмэгдэж байгаагаас үүдэн дүүрэгт автозамын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмж бусад тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаарх мэдээллийг төлөөлөгчдөд уламжлан тулгамдсан асуудлаа хамтран шийдвэрлэхээр хэлэлцлээ. 

Үүний дараа төлөөлөгчид болон холбогдох албаныхан өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалтуудын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Тухайлбал 19 дүгээр хорооны хотхон дунд автозамын түгжрэл үүсдэг хэсэгт ажиллаж, шийдлийг хэлэлцлээ. Нэн тэргүүнд гол замыг өргөтгөхөөс илүүтэй түгжрэл үүсэх гол шалтгаан болсон хашаа, хайсыг буулгаж, замын хөдөлгөөнийг нээлттэй болгож түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах, 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй дээвэр нь нурж оршин суугчдад амьдрах нөхцөлгүй болсон 34,35 дугаар байрыг дахин төлөвлөлтөд оруулах зэрэг бусад тулгамдсан асуудлуудын нөхцөл байдалтай танилцан цаашид хэрхэн шийдэрлэх талаар санал солилцлоо.

 

   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top