Хан-Уул дүүрэг “Эко дүүргийн нээлттэй бямба гариг”-аар дүүрэгтээ хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явц, хэрэгжилтийг танилцуулан, иргэддээ мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байна.
БУЯНТ-УХАА НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛД ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ БОЛГОН ТОХИЖУУЛЖ, 200-300 ГАРУЙ ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙНА…
Энэ талаар Хан-Уул дүүргийн ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА С.ЭНХБАЯР ярихдаа “Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох Өлзийт, Биокомбинат, Туул тосгон, Нисэх, Яармагийн бүсийн 147.288 иргэд түгжрэлд хотын төв руу явахгүйгээр төрийн үйлчилгээг Буянт-Ухаа Олон улсын нисэх онгоцны буудалд улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийг тохижуулж, иргэд үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн.
Тус төвөөр иргэд эд хөрөнгийн бүртгэл, иргэний бүртгэл, гадаад паспорт захиалга, нотариат зэрэг долоон цонхоор 40 орчим төрлийн үйлчилгээ авах боломжтой бөгөөд өдөрт дунджаар 200-250 иргэн үйлчилгээ авч байна.
Мөн “Монгол Улсын Засгийн газраас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим засаглал”-ыг бий болгох зорилт дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн дөрвөн байршилд буюу 12 хороонд /2, 4, 8, 9, 11, 13, 14, 15, 16, 17, 19, 21/ нийт 16 КИОСК буюу ГЭРЭГЭ төлбөр тооцооны машиныг байршуулаад байна. Иргэдэд төрийн үйлчилгээг хамгийн ойроос түргэн шуурхай хүргэх КИОСК төлбөр тооцооны машинаас иргэд харьяа хорооныхоо байрнаас банкны картаа ашиглан төлбөр тооцооны бүхий л үйлчилгээг авах бүрэн боломжтой юм.
Цаашид дүүргийнхээ 25 хороодод КИОСК машин суурилуулж, иргэд хаана ч төрийн болон бусад үйлчилгээг газар дээрээс нь авах нөхцөлийг бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
ДҮҮРГИЙН БҮХ ХОРООДЫН БАЙРЫГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД СААДГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛГОН ТОХИЖУУЛСАН.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжих “Эко-Эрүүл дүүрэг” зорилтын хүрээнд дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны нэг давхрын Нэг цонхны үйлчилгээг жишиг болгон тохижуулж, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээлгүй түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлсэн” гэв.