Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил: Хан-Уул дүүргийн 7 байршилд дүүргийн төсвийн хөрөнгөөр ногоон байгууламжтай бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинат 1723 өрх, 6000 гаруй хүн амтай. Түр оршин суудаг 200 гаруй өрх, 500 орчим иргэнтэй дүүргийн алсын хороодын нэг юм. 2022 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгөөр тус хороонд бүтээн байгуулалт, тохижилтын ажил эрчимтэй явагдсан.
Тухайлбал Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн 7 байршилд ногоон байгууламжтай бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөнд тусгагдсан. Энэ ажлын эхлэл болж 12 дугаар хороонд иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлсэн тус бичил цэцэрлэгт хүрээлэнг Эко хүүхдийн тоглоом, сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам, сандал, сүүдрэвч бүхий ногоон байгууламжтай тохижилт хийгдсэнээр онцлогтой тоглоомын талбай ашиглалтад орсон.
Мөн тус хороонд Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар энэ жил 2 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орсон. Эхнийх нь Хан-Уул Засаг даргын Тамгын газар “Хаан банк”-тай хамтран олон улсын стандарт бүхий 3х3 сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад оруулсан бол нөгөө нь гүйлтийн замтай 3х3 сагсан бөмбөгийн талбай зэрэг хоёр сагсан бөмбөгийн талбай тус хороонд ашиглалтад орж, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүллээ” гэв.