өдөр
шөнө
×

Цахим залилангийн хохирогч болохоос хэрхэн сэргийлэх вэ?

Залилагчид хохирогчоо хэзээ ч өрөвддөггүй. Тийм ч учраас энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэл өндөр байдаг. Гэхдээ залилагчийн учруулсан хохирол зөвхөн эдийн засгийн агуулгаар хэмжигддэггүй, цаагуураа үндэстний үнэт зүйл, дотоод мөн чанарыг хохироож байдгаараа хорлонтой. Бид энэ удаа хүн чанараа ч хадгалаад, хулгайчийн ч гарыг мухарлах аргуудын талаар хөндөж байна.

Залилангийн гэмт хэргийн оргил үе тохиож байна

Статистик мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд цахим гэмт хэрэг, картын залилангийн гэмт хэрэг иргэдийн мөнгөн хэрэглээтэй нягт уялдаж байдаг. Тодруулбал, жил бүрийн IX-XI сард энэ төрлийн гэмт хэрэг эрс нэмэгддэг байна. Жилийн энэ үед мөнгөний эрэлт эрс ихэсдэг учир дагаад гэмт хэргийн гаралт өсдөг бололтой. Тиймээс Цагдаагийн байгууллагаас залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Залилагч этгээд 100 төгрөг хулгайлсан ч амьдралаараа хохирдог

Манай зарим иргэд хууль эрх зүйн мэдлэг хомс, дутуу дулимаг ойлголттойгоосоо болоод өчүүхэн зүйлээс гэмт хэрэгтэн болох тохиолдол бий. Цахим гэмт хэрэг үйлдэж ял авсан этгээдүүдийн дунд ийм хүмүүс олон байна. Бусдад эдийн засгийн хохирол учруулдаг зарим төрлийн гэмт хэрэгт эрүү үүсгэхдээ “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш” гэх мэт тодорхой хэмжээ зааж өгсөн байдаг бол “Залилах” төрлийн гэмт хэрэгт ийм хэмжээ заадаггүйгээрээ онцлогтой. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах үйлдэл нь ямар нэгэн хохирлын хэмжээ шаарддаггүй, бусдын өмчлөлд байгаа зүйлийг л хууль бус аргаар хуурч мэхлээд авчихсан бол энэ төрлийн гэмт хэрэг болж бүртгэгдэн 3-12 хүртэлх жилийн ял ногдуулдгаараа онцлогтой. 100 төгрөг авсан байлаа ч Шүүхийн шийдвэрийн санд залилангийн гэмт хэрэгтэн болж бүртгэгдэн насан туршдаа хар толботой болно гэсэн үг. Тиймээс амар хялбараар мөнгө олох арга гэж харж байгаа хүмүүст энэ санаанаасаа татгалзахыг зөвлөж байна.

Сэрэмж алдвал хоосон ядуу хүн ч олон сая, тэрбум төгрөгийн өрөнд орно, бусдын өмнөөс хэрэг үүрнэ!

Хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргийн хохирогч нь зөвхөн өөрт байсан эд хөрөнгийн хэмжээгээр хохирдог бол цахим гэмт хэргийн хохирогч нь өөрөө мэдэлгүй байж байгаад бусдад асар их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үүрэх болдгоороо маш аюултай, тухайн хүндээ хохиролтой юм. Харамсалтай нь, ийм байдлаар хохирогч болсон тохиолдол маш олон гарч байна. Тиймээс эрсдэлээс өөрийгөө найдвартай хамгаалах аргуудыг мэдэж, байнга дагаж мөрдөх нь ганц аврал юм. “Надад ямар мөнгө, хөрөнгө, алдах юм байх биш” гээд хайнга хандаж болохгүй нь гэдгийг уншигч та эндээс ойлгосон биз ээ.

Эшлэл

“Картаа өөр хүнд ашиглуулснаа нотолж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээдэг. Яагаад тэр хүнийг гэмт хэрэгт яллагдагчаар татаад байна вэ гэхээр, уг хүн өөрөө картыг ашиглаагүй гэдгээ нотлох баримтаа гаргаж өгч чадахгүй, батлах боломжгүй учраас яллагдагчаар татаад байгаа юм. Хэдий би өөрөө ашиглаагүй, өөр хүнд ашиглуулсан гэсэн ч үүнийг зарим тохиолдолд тогтоох боломжгүй байдаг. Тиймээс иргэд өөрийнхөө дансыг хэн нэгэнд өгч, ашиглуулж болохгүй. Энэ төрлийн асуудал одоо ч шүүх дээр хэлэлцэгдээд явж байгаа...”

М.Хандармаа /Өмгөөлөгч/

Та өөрөө л өөрийгөө хамгаална

Хэрвээ та ямар нэгэн байдлаар гэнэ алдаж гэмт этгээдэд боломж олгоод мөнгө төгрөгөө алдлаа /Бусдад ашиглуулж, бусдын өмнөөс хэрэг үүрэх ч эрсдэл байгааг дээр өгүүлсэн/ гэхэд гэмт хэрэгтнийг олж, үнэн мөнийг тогтоох боломж маш бага. Ялангуяа гар утсаа бусдад өгснөөс үүдэлтэйгээр фэйсбүүк ашигласан залилангийн хохирогч болсон бол бараг найдваргүй гэдгийг хүн болгон маш сайн ойлговол зохино.

Эшлэл 

“Фэйсбүүк /Facebook/ компани нь терроризм, хүний амь нас хохирох нөхцөл байдал бий болсон, хүүхдийн садар самуун, секс сүрдүүлэг, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг /хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах/ зэрэг тодорхой төрлийн цөөн хэргээс бусад хэрэгт мэдээлэл гарган өгдөггүй нь олон төрлийн гэмт хэргийг таслан зогсооход хүндрэл учруулж байна”

Б.Өнөрмаа /Хяналтын прокурор/

Болгоомжилбол зохих кэйс: Иргэн А-г хувийн автомашинтайгаа явж байхад нь 15-17 насны эрэгтэй хүүхэд "Эгч ээ 10 дугаар хороолол орох гэсэн юм. Сая Дорнодоос орж ирсэн юм аа. Утас, мөнгө байдаггүй. Та дөхүүлээд өгөөч, очоод найзаасаа мөнгө аваад өгье" гэжээ. Ядарч яваа жаахан хүүд тус болох санаатай за суу, суу гээд суулгатал “Эгч ээ, та утсаараа чат оруулчихаач, яг хаана гэдгийг нь мэддэггүй ээ. Чат ороод асуух гэсэн юм” гэж утсыг нь аваад баахан юм бичиж байснаа “Түр хүлээж байгаач, эгч ээ би найзаасаа гялс мөнгө аваадахъя, таны данс руу мөнгө хийлгээд авчих уу. Хөдөөнөөс ирсэн болохоор карт байхгүй мөнгө хэрэгтэй” гэж гуйжээ. Улмаар гар утаснаас нь найзууд руу нь “Сая машин мөргөчихлөө, мөнгө зээлээч” гэж бичин 700,000 төгрөг авсан байжээ.

Зальт этгээдийн үйлдэлд элэгдэж нимгэрсэн хүний мөс

Монгол хүний тусч сайхан сэтгэл үгүй болж байгаа талаар сэтгэл эмзэглэм баримтууд сүүлийн үед их гарах боллоо. Ядарч яваа замын хүнийг зогсоод авчихдаг, хэрэгцээ нь тулсан нэгэндээ утас, карт, дансаа ашиглуулаад ч болтугай тус хүргэчихдэг монгол хүний халуун мөн чанар руу залилагч этгээдүүд энэ мэтээр ус цацсаар хөргөж орхисон байна. Гэхдээ хүний мөсөө ч хадгалж, хохирогч ч болохгүй байх арга бий. Та доорх зөвлөгөөг дагаснаар эрсдэлээ үлэмж бууруулж чадна гэдгийг амлаж байна.

Цахим залилангийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх зөвлөмж:

•  Фэйсбүүк болон цахим хаягаар тань мөнгө зээлэх, тусламж, хандив хүссэн чат ирвэл та заавал  тухайн хүн рүү утасдаж лавлана уу.

•  Цахимаар бараа, материал, эд зүйл захиалахдаа албан ёсны эх сурвалжийг заавал нягтална уу. 

•  Хуурамч цахим хуудас, интернэт худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашигласан болон фэйсбүүк зарын группүүдэд тавигдсан зах зээлийн үнээс илтэд доогуур үнээр зарж борлуулж байгаа гэх эд зүйлийг худалдан авахгүй байх. 

•  Төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр, байгууллагад ажилд оруулж өгнө, бага хүүтэй зээлийг орлого нотлохгүй гаргана гэх зэрэг нийтлэл, заруудад хууртахгүй байхад анхаарна уу.

•  Өөрийн фэйсбүүк, интернэт банк болон бусад цахим хаягийн нууцлал аюулгүй байдлыг сайтар хангах

•  Фэйсбүүк мессенжер, түүнтэй төстэй харилцаа холбооны платформууд нээлттэй  тохиолдолд гар утсаа хүнд өгөхгүй байх.

•   Танихгүй хүнд мөнгө шилжүүлэхгүй байх.

•   Зээл болон санхүүжилт авахын тулд урьдчилгаа төлбөр төлөхгүй байх

•  Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр төлөх онлайн худалдаа, шилжүүлэг хийхдээ хувь хүн бус байгууллага руу болон найдвартай данс руу шилжүүлэхийг зөвлөж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top