өдөр
шөнө
×

Голомт банк PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн гишүүн байгууллагаар элслээ

Голомт банк Монгол Улсаас анхлан PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлд /PCI SSC/ хамтын ажиллагааны гишүүн байгууллагаар элсэн орлоо. Ингэснээр Голомт банк PCI аюулгүй байдлын стандартыг боловсруулах, тогтоох үйл явцад дуу хоолойгоо хүргэж, олон улсын төлбөр тооцооны аюулгүй байдлыг хамгаалах, сайжруулах, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан дэлхийд тэргүүлэгч 800 гаруй байгууллагатай хамтран ажиллана. Мөн жил бүр тус зөвлөлийн хурлаар кибер аюулгүй байдлын салбарын шилдэг туршлагаас хуваалцах, шинэ санал, санаачилга гаргах боломжтой юм.

Голомт банкны Гүйцэтгэх захирал Норихико Като “Бид PCI аюулгүй байдлын стандартын байгууллагатай хамтран ажилласнаар дэлхийн жишигт нийцсэн илүү аюулгүй, илүү найдвартай төлбөрийн экосистемийг бий болгох боломжтой. Голомт банк тус зөвлөлд Монгол Улсаас элссэн анхны гишүүн байгууллага бөгөөд PayPal, Amazon, Microsoft, HSBC, Citi зэрэг дэлхийн томоохон компаниудтай мэдээллийн аюулгүй байдлын чиглэлд нэгдэн ажиллана” гэв.

Тус зөвлөлийн гол стандарт нь PCI Мэдээллийн аюулгүй байдлын стандарт /PCI DSS/ буюу төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлыг хөгжүүлэх, кибер халдлага, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Голомт банк 2017 оноос хойш үйл ажиллагаандаа PCI-DSS стандартын шаардлагуудыг нэвтрүүлж, жил бүр олон улсын магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагаар аудитаа хийлгэж байна.

PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Лэнс Жонсон “Систем рүү чиглэсэн кибер халдлагууд улам боловсронгуй болсоор байгаа энэ цаг үед PCI аюулгүй байдлын стандартууд нь байгууллагуудад төлбөр тооцооны мэдээллийг хамгаалах, хор уршиг ихтэй мэдээлэл алдагдах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, бууруулахад тусалдаг. Голомт банк бидэнтэй нэгдэж байгаа нь PCI аюулгүй байдлын стандартыг таниулах, нэвтрүүлэхэд туслан цаашлаад дэлхийн хэмжээнд төлбөрийн аюулгүй байдлыг сайжруулахад идэвхтэй оролцож буйгаа батлан харууллаа.” хэмээн онцолсон юм.

PCI Аюулгүй байдлын Стандартын Зөвлөлийн тухай:

PCI SSC зөвлөлийг American Express, VISA card, MasterCard зэрэг дэлхийн томоохон картын брэндүүд төлбөрийн картын мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах зорилгоор 2006 онд хамтран үүсгэн байгуулсан. Байгууллагуудад уян хатан, үр дүнтэй мэдээллийн аюулгүй байдлын стандарт, хөтөлбөрүүдийг санал болгодог бөгөөд төлбөрийн аюулгүй байдлын стандартаар дэлхийд тэргүүлдэг олон улсын форум юм.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top