өдөр
шөнө
×

"Ц.Нямдорж ямар үнэн ярих биш"

С.Зориг агсны амь насыг хөнөөх захиалга өгсөн этгээдийг илрүүлэхийн даваан дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн албан шахалтаар ажлын хэсэг татан буугдаж, хэргийг илрүүлсэн Тагнуулын мөрдөгчид экс даргынхаа хамтаар өнгөрсөн долоо хоногт шүүхээс ял аван, ялтан болсон.

Шүүхээр хэрэг явдлыг шийдвэрлэсний дараа сайд асан Ц.Нямдорж “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Г.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах ёстой” гэх байр суурийг илэрхийлсэн.

Харин Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өмгөөлж буй өмгөөлөгч Б.Мэргэн цахим хуудсаараа дамжуулан, дараах тайлбар хийв.

Тэрбээр “Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдсэн учир одоо тэднийг суллах ёстой юу, үгүй юу гэдэг асуулт гарч байна. Ц.Нямдорж бол нэн даруй суллах ёстой гээд л ярилцлага өгчээ. Тэр хүн ч яахав үнэн юм ярих биш.

Юуны өмнө анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар хүчин төгөлдөр болдог. Тэр үед С, Ч нарыг суллах эсэх тухай яригдаж эхэлж болох юм. Цаашлаад Улсын дээд шүүх /УДШ/ -ийн шийдвэрийг ч хүлээх биз. За шийдвэр хэвээр батлагдлаа гэж бодъё. Тэр үед шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн тул хэргийг дахин шалгуулах хүсэлтээ прокурорт гаргана. Прокурор шалгаад үндэслэлтэй байна гэж үзвэл хэргийг эцэслэн шийдсэн УДШ-д санал гаргана. УДШ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэргийг шийдэх үндэслэл болсон нотлох баримтууд нь эрүүдэн шүүж цуглуулсан байж болзошгүй гэж үзвэл хэргийг дахин шийдүүлэхээр анхан шатны шүүх рүү, эсвэл прокурорт буцаана. Энэ хүртэл лав С, Ч нар суллагдах үндэслэл байхгүй.

За тэгээд эрүүдэн шүүж байгаад хэлүүлсэн мэдүүлэг ч гэдэг юм уу нотлох баримтуудыг хасч байгаад хэргийг дахин шийднэ. Тэрнээс эрүүдэн шүүсэн байна гээд бусад бүх нотлох баримтыг үнэлэхгүй байна гэж байхгүй. Ер нь бол 5-6 хоног эрүүдэн шүүж байгаад хэлүүлсэн нотлох баримтаараа ял өгчихөөгүй нь ойлгомжтой. 20-иод жил цуглуулсан бүх нотлох баримтыг үндэслэж шийдсэн байгаа. Хүн өөрөө мянга хэргээ хүлээсэн байсан ч өөрийнх нь мэдүүлгээр яллахгүй. Мэдүүлгийг нь үнэн худлыг нотлох баримтыг цуглуулж, шалгаж, үнэлж байж шийддэг. Товчхондоо эрүүдэн шүүсэн гэдэг нь нотлогдлоо гээд С, Ч нар С.Зоригийг алаагүй нь тодорхой болчихлоо гэсэн үг огт биш юм” хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top