Ойлголтын зөрүү-Цахим залилантай хийх тэмцлийн эрэмбэ
Технологийн дэвшил хүн төрөлхтөнд асар их боломж бололцоо нээж өгснийг бид бүгд мэдэж байгаа. Хүн төрөлхтөн гэдэг тодорхойлолтод бүгд сайнтай муутайгаа багтах тул гэмт хэрэгтнүүд, муу хүмүүсийн өмнө ч мөн ижил хязгааргүй боломж нээгдсэн нь мэдээж хэрэг. Тэд цахим орон зай, боломжийг ашиглах болсноор гэмт хэргийн тоо, хохирлын хэмжээ үлэмж нэмэгдэж, нуун далдлах арга нь нарийсан харилцагч, банк, хууль хяналтын байгууллагын өмнө нэгэн шинэ сорилтыг бий болгов. Цахим луйвартай холбоотой гэмт хэрэг сүүлийн 10 гаруй жилд дэлхий дахинаа огцом нэмэгдсэн бөгөөд өртсөн улсууд нь тэмцэж хүчрэхгүй байдлаараа адил байх юм. Бид энэ удаа “Цахим залилантай тэмцэх гол субъект нь хэн бэ” гэсэн сэдвийг хөндөж байна.
Хариуцлага ч иргэн рүү чиглэж байна
Техник, технологийн дэвшил хүн төрөлхтний амьдралыг эгнэгт өөрчилсөн гэдэгтэй бүгд санал нийлдэг. Ийм том өөрчлөлт явчихаад байхад үүнтэй холбоотой ойлголтууд мөн өөрчлөгдөж байгаатай санал нийлэхгүй байх нь бий. Яг ийм, харилцаа нь шинэ шатанд гарсан ч ойлголт нь хуучин үеийнхээрээ хоцорсон нэг жишээ бол “Харилцагчийн хохирлыг банк хохиролгүй болгох ёстой” гэдэг ойлголт юм. Энэ ойлголт зөв, гэхдээ интернэт болон технологийн бусад боломжууд бий болоогүй, банкууд харилцагчтайгаа шууд харьцдаг байсан өмнөх үед л хамаарна. Харин одоо бол өөр. Харилцагч буюу иргэний хариуцлага илүү чухал болсон. Дэлхийн чиг хандлага ийшээ явж байна. Үүний тод жишээ нь үйл явц нь одоо хараахан дуусаагүй байгаа Филипп болон Барклайс (Philipp v Barclays Bank UK plc) банкны шүүх хурал юм. Хатагтай Филипп гэгчийг нэг луйварчин этгээд ятгаж байгаад Барклайс банкан дахь данснаас нь АНЭ улсын банкны данс руу хоёр удаагийн шилжүүлгээр нийт 700 000 фунт стерлинг шилжүүлээд сураггүй алга болсон байдаг. Хатагтай Филипп “Quincecare duty” буюу харилцагчаа эрсдэлээс хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж үзэн шүүхэд хандахад анхан шатны шүүхийн шийдвэр банкны талд гарсан. Тэрээр шилжүүлэг хийхдээ зорилгоо банканд хэлээгүй, харилцагч нь хувь хүн байгаа тохиолдолд банк зааварчилгааг нь шууд биелүүлэх үүрэгтэй зэрэг шалтгаанаар шүүх шийдвэрээ гаргасан байдаг. Шүүхийн шийдвэрт нөлөөлсөн “Харилцагч нь хувь хүн байгаа тохиолдолд банк зааварчилгааг нь шууд биелүүлэх үүрэгтэй” гэсэн үгийг анхаарна уу. Учир нь энэ бол манай улсынх шиг жижиг харилцагчдад илүү хамаатай үг юм. Иргэн банктай шууд харилцалгүйгээр гүйлгээ хийж байгаа тохиолдолд тухайн хэрэглэгч мөн гэдгийг таних боломж зөвхөн нууц код л байдаг. Гэтэл иргэд авч байгаа олон янзын үйлчилгээндээ өөрийн нэр, төрсөн он сар өдөр, эсвэл нэг л ижил код /мартахгүй, хольж солихгүйн тулд/ Фэйсбүүк, цахим шуудан ашиглаж байгаад нууц кодоо алдсан гэдгийг банк мэдэх боломжгүй. Тиймээс иргэд өөрсдөө интернэтээс үйлчилгээ авахдаа ашигладаг нууц үгээ ойр, ойрхон шинэчлэх, банкны картаа бусдад ашиглуулахгүй байх гэх мэт хэдхээн дүрмийг амьдралдаа хэвшүүлж байж л хохирогч болох магадлалаа багасгана.
Эрэмбийн эхэнд иргэн та өөрөө зогсож байна
Тэгэхээр, энэ асуултад хариулахын тулд “Цахим залилагч буюу гэмт хэрэгтэн хамгийн анх хэнтэй тулдаг вэ” гэдэг асуултад хариулах ёстой болно. Цахим залилангийн гэмт хэрэгтнүүд хэрэглэгч, харилцагчийг байгаа болгож, тэдэнтэй хамгийн эхэлж тулдаг. Тэгэхээр цахим залилангийн гэм хэрэгтэй тэмцэх хамгийн эхний субъект нь иргэн буюу харилцагч та өөрөө юм.
Иргэн интернэт орчинд аюулгүй байдлаа 100 хувь хангавал энэ төрлийн гэмт хэрэг маш бага гарч, улс орнуудын хууль хүчний байгууллагын эрх мэдэлтнүүд цахим залилангийн гэмт хэрэгтэй чадлынхаа хэрээр тэмцдэг ч хүчрэхгүй байна гэдгээ учирлан ярьж суухгүй байсан юм.
Ц.Отгонням /Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч/
-2021 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 6672 буюу 24.5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна. 6000 гаруй залилах гэмт хэргээс 1000 орчим нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг бүртгэгдсэн.
Д.Чимгээ /Нийслэлийн БГД-ийн иргэн/
-Хувь хүн өөрөө цахим сүлжээнд мэдээллийг сайн нягтлах, өөрийн сэтгэл хөдлөлөөрөө хандахгүй байх нь хамгийн зөв. Төлбөр тооцоог цахимаар гүйцэтгэх нь цаг хугацаа хэмнэх давуу талтай хэдий ч нөгөө талаас иргэд хувийн мэдээллээ хамгаалах, гүйлгээ хийхдээ давхар баталгаажуулж, хянуур, хариуцлагатай хандах нь чухал юм.
Дээр дурдсан Филипп болон Барклайс банкны зарга одоогоор дуусаагүй, Давж заалдах шатны шүүх дээр явж байгаа ч анхан шатны шүүхийн шийдвэр нь цахим луйвар залилангаас сэргийлэх үүргийг нь иргэнд хангалттай сайн сануулсан, банктай байгуулсан гэрээ, өгч буй анхаарулга сануулгад анхаарлаа хандуулж, өөрийн хүлээх үүрэгтээ урьд өмнөхөөс илүү биелүүлдэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Хариуцлагатай иргэнээс цахим залилагчид айдаг.
Банк ч зүгээр суугаагүй
Дээр бичсэнчлэн, хувь хүний үүрэг хариуцлага, нууцлал хадгалах чадвар цахим залилангаас сэргийлэх гол арга юм байна. Гэхдээ банкууд ч бүгдийг хэрэглэгчид даатгаад орхиж байгаа гэсэн үг биш ээ. Технологийн компаниуд банкууд хэдий онлайнаар харилцаж байгаа ч хэрэглэгч нэг бүрийг таньж, залиланд өртөхөөс урьдчилан сэргийлэх систем зохион бүтээхээр ажиллаж байна. Жишээ нь, Know Your User (KYU) буюу “Хэрэглэгчээ мэд” системийг хөгжүүлж буй “Revelock” компанийг энд дурдаж болох юм.
Know Your User (KYU) бол тухайн хэрэглэгч жишээ нь, киборд дээрээ хэрхэн, ямар даралттайгаар, хэдэн хуруугаараа бичдэг, хэзээ, хаанаас, ямар хэрэгсэл ашиглаж нэвтэрч байна вэ гэх мэт олон параметрүүдийг ашиглаж, харилцагч өөрөө мөн эсэхийг таних зорилготой систем юм байна. Энэ систем зан үйлийн биометр болон эрлийз-AI системийг ашиглан хэрэглэгч бүрт BionicID-г бий болгодог бөгөөд өөр хүн таны картыг ашиглаад, бүр цахим гарын үсгийг чинь адилхан зурдаг байлаа ч гэмт үйлдлээ хийх боломжгүй гэсэн үг юм. Дэлхийн томоохон банкууд удахгүй энэ систем рүү орох нь гарцаагүй. Манайд нэвтрэх нь ч цаг хугацааны асуудал. Гагцхүү тэр болтол цахим аюулгүй байдлаа өөрөө л хангах нь.
Сэтгэгдэл (3)