өдөр
шөнө
×

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн II хурал боллоо

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл (ЗХАБҮЗ)-ийн II хурал тавдугаар сарын 19-ны өдөр болов. Зам, тээврийн хөгжлийн сайд, ЗХАБҮЗ-ийн орлогч дарга Л.Халтар хурлыг нээж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад холбогдох байгууллага бүрийн үүрэг, оролцоо чухал байгааг онцлон хэлэв.

Үүний дараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар ЗХАБҮЗ-ийн ажлын албаны дарга Ч.Жаргалсайхан танилцуулав. Тэрбээр Монгол Улсын автозамын сүлжээ, импортлосон  болон нийт тээврийн хэрэгслийн тоо, насжилт, улсын хэмжээнд бүртгэгдсэн зам, тээврийн ослын шалтгааныг тайлбарлав. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндсэн дөрвөн зорилтын хүрээнд 93 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгаснаас 2021 оны жилийн эцэст 58 хувьтай хэрэгжсэн гэв. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдалд ойрын хугацаанд анхаарах асуудлуудыг онцлон хэлж, санал солилцлоо.

Тус хуралд “Жолооч бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох” сэдвээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл арга зүйн төвийн дарга Ц.Батдорж, “Жолооч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох” сэдвээр Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн тасгийн дарга, дэд хурандаа Б.Лхагвасүрэн,  “Мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа”-ны талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан илтгэл хэлэлцүүлэв.

Хурлын төгсгөлд ЗХАБҮЗ-ийн ажлын албаны дарга Ч.Жаргалсайхан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн хуралдааны II тогтоолын төслийг хуралд оролцогч нарт танилцуулан хэлэлцүүллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top