өдөр
шөнө
×

Сайд Л.Халтар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Төв байгууллагын Зүүн болон Төв Азийн газрын Зүүн Азийн хэлтсийн дарга Шинозаки Юүсүкэ, тус байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шин-Ичи болон бусад төлөөлөгчдийг 2022 оны тавдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзан хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Сайд Л.Халтар Танака Шин-Ичиг ЖАЙКА-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын даргаар томилогдон ирсэнд баяр хүргэж, цаашид олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Сайдын зүгээс тус байгууллагыг “Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийг бэхжүүлэх суурь судалгаа”-г хийж, судалгааны хүрээнд сонгогдсон төслүүд болох Ажилчны гүүрэн гарц барих, Саппоро, Баянбүрдийн уулзварыг олон түвшинд болгох зэрэг төслүүдийн шаардлагатай судалгааны ажлуудыг хийж байгаад талархал илэрхийллээ.

Эдгээр төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад өндөр ач холбогдолтой тул Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс дэмжиж байгаагаа хэлэв. Мөн Монгол Улсын зорчигч болон ачаа тээврийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг дагасан ачаа, тээвэр, ложистикийн төвийг байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан шинэ нисэх буудлыг түшиглэсэн хотжилтын үйл явц өрнөх тул цаашид хамтын ажиллагааны өргөн боломжуудыг болгож байгааг онцлов. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэх хэрээр агаарын харилцаа өргөжих, зорчигчдын урсгал өсөх тул нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны асуудал онц чухлаар тавигдаж байгаа тул хяналт, зохицуулалтын чадавхыг бэхжүүлэх, байцаагч, шалгагч нарын ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр хамтран холбогдох төслийг хэрэгжүүлэх хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.

ЖАЙКА-гийн зүгээс эдгээр төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулан хэрэгжүүлэхэд тулгарч болох бэрхшээл, анхаарах асуудлын талаар санал солилцож цаашид Монгол Улсад шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.newstv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top